Есөн удаа согтуугаар машин бариад баригдсан эрд бүх насаар нь хорих ял оноолоо
Нийтэлсэн: 2016-06-10 04:35:56
Америкийн Техас мужийн Хьюстон хотын тойргийн шүүгч Кетлин Хамильтон сүүлийн 30 жилд есөн удаа согтуугаар жолоо барьсан, осол гаргасан хүн мөргөсөн, хэргийн газраас зугтаасан хэрэгт нь Дональд Рэй Мидлтонд бүх насаар нь хорих ял оноосон тухай KPRC Houston мэдээлжээ. Засаршгүй этгээд гэж шүүгчийн дүгнэсэн эр 1980 онд анхны удаа согтуугаар жолоо бариад саатуулагдсан гэнэ. Дараа нь 1997 онд ахин энэ хэргээр цагаад баригджээ. Хоёр жилийн дараа мөн л согтуугаар машин жолоодсон хэргээр шүүхээс нэг жилийн хорих ял авсан аж.2005 онд ахин уусан хойноо машин бариад баригдаж хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2008 онд ахин баригдахад нь шүүх 13 жилийн хорих шийтгэл оногдуулсан ч Дональд хугацаанаасаа өмнө суллагдаж чаджээ. Гэсэн ч тэрээр 2013 онд ахин согтуугаар жолоо барьж яваад цагдаад саатуулагдсан. Хамгийн сүүлчийн удаад тэрээр мөн л согтуу замын хөдөлгөөнд орж гарцаар гарч явсан 14 настай хүүг дайраад хэргийн газраас зугтаасан гэнэ. Камерийн бичлэгээр тэрээр ослын газраас зугтаан мухар гудамжинд машинаа хаяад гуйвж дайван гүйж яваа нь харагджээ. Прокурор Жастин Пулсын мэдэгдсэнээр нийгэмд маш аюултай болсон энэ этгээд зургадахь удаадаа сургуулийн дэргэд саатуулагдсан, тэр үед нь хичээл тарж байсан, цагдаа нар түүнийг машинаас нь гаргахад хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэжээ. Наймдахь удаадаа хотын цагдаагийн том даргын хүүг мөргөж гэмтээсэн байжээ.
