Хугацаа нь дууссан эм зардаг эмийн сангуудаа цэгцэлсэн үү Л.Эрдэнэчимэг ээ..
Сар шинийн өмнө алдарт “Монос”-ын 10-р хорооллын салбар эмийн сан нь хугацаа нь дууссан даралтын эм зарж настай хүнийг баллах шахсан. Хэрвээ тухайн иргэн азаар шахуу даралтын эмний нөгөө хэсэгт байсан “2015 оны 7-р сар” гэснийг олж хараагүй бол чухам юм болж болох байсныг тааварлахад ч аймшигтай. Тэгээд ч “Монос-10” ханиадны эм биш харин эрсдэлд өндөртэй даралтын эмний хугацааг нь хайчлаад зарсан байжээ. 2015 оны 7-р сард хүчинтэй хугацаа нь дууссан даралтын эм худалдаж аваад уух шахсан настай иргэн эмийн сан дээр эргэн очиход ажилтнууд нь эхлээд хүлээсэнгүй. Гэвч эм авсан баримт, тухайн эмийг лангууны хаанаас гаргаж ирсэнийг санаж байсан тул шаардаж байж зарж байсан хугацаа нь дууссан эмийн хайрцгийг гаргуулж ирэн баримт болгон авсаныг та харж байна. Хамгийн аймшигтай нь тухайн иргэний авах гэсэн даралтын эм байсаар байхад хүчинтэй хугацаа нь дууссан эмний он сартай хэсгийг нь хайчлаад өгсөн байжээ. Эрүүл мэндээрээ хохирох шахсан иргэн “Монос” руу залгаж гомдол гаргахад бас л “гайхалтай” явдал болжээ. Хугацаа нь дууссан эм хайчлаад зардаг эмийн санг манай салбар биш гэж зүтгэж үзсэн гэнэ. Гэтэл хаалган дээрээ “Монос” гэсэн хаягтай энэ салбарыг тус группын нэгэн том дарга удирддаг нь удалгүй тодорхой болжээ. Захирал хатагтай ирээд хугацаа заасан хэсгийг нь хайчлаад зарсан явдлыг дэлгэхгүй байхыг гуйж бүр хагас жилийн эмийн хэрэгцээг чинь даая гэсэн “ажил хэрэгч” бас “сайхан сэтгэл” гаргасан санал тавьжээ. Гэтэл даралт нь ихэссэн настай хүнд хугацаа нь дууссан эмийн хүчинтэй хэсгийг хайчлаад зарж байхдаа юу бодож байсан гэдэг нь сонин. “Монос-10”-аас даралтын эм авч даралтаа буулгах гэсэн биш харин ч хариуцлагагүй, сэтгэлгүй, хүний эрүүл мэндийг юман чинээ боддоггүй үйлдлээс нь болж даралт нь ихэссэн. Гэсэн ч эмийн сангийнхан нэрийг нь гаргахгүй байхыг л гуйж янз бүрээр ханджээ. Эцэсдээ гараад явахад нь нэг ажилтан нь араас нь гүйж ирээд хайрцаг аминдэм өгөх гэж зүтгэсэн аж. Өмнө нь “Монос” нярай хүүхдүүдэд буруу эм өгөөд ноцтой асуудал үүсгэж байсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хохирсон хүүхдүүдийн эмчилгээг даах тухай амлалтаа “сандарсандаа ам алдчихсан” хэмээгээд булзах гэж байсан удаатай. Улстөрийн томчуудын ивээлийн компаниуд хэрэглэгчдийг хохироосон, хууль дүрэм зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүйг барилга, эмийн зэрэг салбараас харж болно. Өдгаа гишүүн хатагтай сонгуульдаа бэлдээд завгүй байгаа ч хугацаа нь дууссан эм зарах гэдэг эмийн сангуудаа цэгцлэх ажлыг орхигдуулж болохгүй. Гишүүн хатагтайг дөрвөн жилийн дотор хийсэн ажлуудаа “тайлагнаж” байхад ахин ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа байна уу..