Дэд сайд асан М.Түмэнжаргал Биатлоны холбоог “хулхиджээ”
Нийтэлсэн: 2016-05-23 01:41:42
Шинэчлэлийн Засгийн газрын үед ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал хэмээх сайхан хүн ажиллаж байсан. Инээмсэглэсэн, уриалгахан тэрээр соёл спортын олон арга хэмжээг нээж хааж явсаар нэлээд нэрд гарсан. Харин Монголын Биатлоны холбоонд яагаад ч юм таагүй хандаад түүнээс нь болж холбоо нэлээд өрөнд унаад байгаа гэнэ. Болсон явдал нь Ц.Оюунгэрэл яамны сайдаар ажиллаж бүх спортын хорооддоо тэгш хандана хэмээн ярьж явсан 2013 онд болжээ. Биатлоны холбоонд Япон улсын Саппоро хотод зохион байгуулагдах “Биатлоны азийн аварга шалгаруулах тэмцээн”-ны албан ёсны урилга ирж холбооноос ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч, орчуулагч бүхий зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус тэмцээнд оролцохоор болжээ. Тивийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсон тул зардал мөнгийг нь шийдэж өгөөч гэж тухайн үеийн спортын асуудал эрхэлсэн яам болох Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлд хүсэлт тавьсан гэнэ. Удалгүй дэд сайд М.Түмэнжаргал уулзахаар дууджээ. Уг уулзалтанд дэд сайдаас гадна Спортын бодлогын газрын дарга Д.Сүрэнхорлоо байсан аж. Тэд холооны хүсэлтийг сонсоод дэд сайдтан “та бүхнийг дэмжиж байна. Тэмцээн уралдаандаа улсын нэрийн өмнөөс амжилттай оролцоод ирээрэй. Хугацаа тулгамдсан байгаа тул өнөөдөртөө төрийн сангаас мөнгө шилжиж амжихгүй. Тиймээс билетийн кассдаа энэ тухай мэдэгдээд билетээ аваарай. Мөнгө шилжүүлэх ажлыг Д.Сүрэнхорлоо дарга хариуцаарай” гэж чихэр шиг сайхан үг хэлж амлалт авчээ. Холбооныхон дэд сйдын үгэнд итгээд НБД, дасгалжуулагч тамирчид нийлсэн шижигнэсэн залуус онгоцны тийз захиалаад Япон нисэж тэмцээндээ амжилттай оролцоод иржээ. Дэд нь сайд амласан хойно тийзний мөнгийг нь яам шийдсэн байх гэж бодож явтал гэнэтхэн зардлын мөнгө нэхэгджээ. Сандран яаманд хандсан ч ямар нэгэн хариу өгсөнгүй. Тэгж байтал Шинэчлэлийн Засгийн газар унаад яам татан буугдаад хариуцах эзэнгүй болж эцэст нь Биатлоны холбоо өрөнд унаад үлдсэн аж. Болсон явдал нь Ц.Оюунгэрэлийн үед спорт хариуцсан яам нь спортын холбоодоо ялгаварлан үздэг байсныг харуулж байна. Дэд сайд асан ч төрийн хүн шиг амласанаа биелүүлсэнгүй, Д.Сүрэнхорлоо дарга нь ч хариуцсан шиг хариуцаж чадсангүй. Хэрвээ М.Түмэнжаргал яам тийзний асуудлыг шийднэ гэж хэлээгүй бол Биатлоны холбооныхон тэмцээнд явахгүй байсан гэнэ.
НУУЦ.мн
