“90 саяын” Б.Ганбат дарга төрөөс 90 сая төгрөгөө буцаан нэхжээ
Нийтэлсэн: 2016-05-18 05:42:51
Монголд 90 саяын Гансүх хэмээх алдартай эр бий. Тэгвэл хоёр жилийн өмнө төрөөс баахан 90 саятнууд төрсөн нь “банк ашигтай ажиллуулсан” хэмээн өөрсдийгөө шагнасан Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд болох Хууль зүйн яамны ТНБД дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар байсан. Тэгвэл энэ хэргийн элдэв явдал одоо ч үргэлжилж байна. Учир нь 90 сая гэдэг нь маш их мөнгө юм. Саяхан төрөөс төрсөн 90 “саятнууд” дундаас Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат нь иргэний зориг гаргаж СЯ-ны Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан цаг хугацаанаас эрхсэргээсэн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс 39,6 сая мөн төрд буцаан тушаасан “банк ашигтай” ажиллуулсан шагналын 90 сая төгрөгөө Засгийн газрын нөөц сангаас нэхжээ. Тэрээр авсан мөнгөө сайн дураараа буцаан өгсөн сайн хүн аж. Харин бусад нь өгөөгүй бололтой. Б.Ганбат нь 2013 оны 3-р сар хүртэл СЯ-ны Хууль, эрх зүйн газрын даргын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд албан тушаалын зиндааны дагуу Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогджээ. Тэр жилдээ л Нийслэлийн прокурорын газраас “..Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Очирхүү ... нартай бүлэглэн орон сууцны дэмжлэг нэрээр хувьдаа 90 сая төгрөг хувиарлуулан авч тус банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд онц их хэмжээний хохирол учируулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн Төрийн банкны ТУЗ-ийн дарга,гишүүдэд холбогдуулан бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирлыг учруулсан, банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэх хоёр зүйл анги нэмэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс 90 саятнуудыг Улсын мөрдөн байцаах газар, Авилгатай тэмцэх газраас ээлжлэн шалгаж эцэст нь Улсын мөрдөн байцаах газарт дахин шилжиж мөрдөн байцаалтын ажиллагаа явагджээ. Тухайн үед Төрийн банкны ТУЗ-ын гишүүд луйвар хийж мөнгө идсэн, өөрсддөө тус бүр нь 90 сая төгрөгийг хууль бусаар хувиарлажээ гэх шуугиан нийгмийг цочроож Засгийн газрын хуралдаан дээр хүртэл яригджээ. Гайхалтай нь хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүгдийг нь биш харин хөөрхий Ганбатыг ганцааранг нь нэр цохон “Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын даргыг төрийн албанаас хал” гэсэн чиглэлийг яаманд нь өгсөн гэнэ. Яамны ТНБД нь үүргийг шуурхай биелүүлж “Төрийн банкны ТУЗ-ийн гишүүний албан тушаалыг хаших явцдаа Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох хориглосон заалтуудыг удаа дараа зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан” гээд ажлаас халжээ. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаандаа өнөөх “гайтай” 90 сая төгрөгийг нь буцаан төлсөн биш “буруудсан” гэнэ. Б.Ганбатыг эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан ч тэр оныхоо 11-р сард хэрэг нь хэрэгсэхгүй болжээ. Харин өдгөө шүүх 90 сая төгрөгөө хуулийн байгууллагын шийдвэрээр бус харин өөрөө сайн дураар буцаан өгсөн гэж үзээд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин бусад нь өгөлгүй “гүрийсээр” хожсон бололтой.
NUUTS.mn
