Э.Мөнх-Очирын буруу мэт боловч зөв санаачилга
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гишүүдэд гэр тараахгүй байхыг уриалсан. Уг нь гэржүүлэх төсөл бол төрийн түшээдийн дуртайяа хийдэг сайхан ажлын нэг. Тойргийнхоо хэдэн хүнийг орох оронтой болгоно гэдэг чинь нэг талаасаа том буян нөгөө талаасаа хэдэн санал сул ороод ирж байгаа гэсэн үг. Гэхдээ нийслэл хотын утаа униарыг харвал дурлаад байх зүйл биш. Эрхэм гишүүний хэлж байгаагаар нэг гэр гэдэг чинь нэг яндан, нэг зуух, нэг хашаа гэсэн үг. Хэрвээ дүүргээс зохион байгуулаад хорь гучин гэр өгвөл бүхэл бүтэн гудамж бий болно. Энэ гудамжны айлуудаас гарах утаа униарыг тооцох юм бол ер нь гэр өгөх нь зөв үү буруу юу гэдгийг ярих болж. Төр засаг нэг гараараа хийж байгаа ажлаа нөгөө гараараа унагааж болохгүй. Э.Мөнх-Очир гишүүний энэ саналд олон хүн дургүй байсан. Хөдөөнөөс сонгогдсон болохоор аргагүй биз гэж хэлж ч байсан. Гэхдээ нэг нь л эхэлж уриалаад гэр тараах ажлыг зогсоохгүй бол өөр хийх хүн гарч ирэхийг хүлээх арга алга. Э.Мөнх-Очир гишүүн муу хэлүүлээд ч хамаагүй энэ санаачилгыг гаргалаа. Дэмжих эсэх нь төрийн түшээдийн хэрэг. Уг нь гэр тараах мөнгөө байр барих ажилд зарцуулбал Утаанбаатарыг Улаанбаатар болгоход л нэмэртэй юм.
С.Хажидмаа NUUTS.MN