Монгол-Япон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо
Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда энэ сарын 02-06-ны өдрүүдэд Монгол улсад айлчлал хийж байна. Түүний энэ удаагийн айлчлал УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга С.Батболд болон Монгол-Японы парламентын бүлгийн зарим гишүүд хүлээн авч уулзсанаар эхэлсэн юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Алтай, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг, Ж.Энхбаяр, Н.Ганбямба нар болон албаны бусад хүмүүс байлцлаа. Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга С.Батболд, манай улсад тавтай зочлохыг хүсээд энэ улиралд айлчилж байгаа таны айлчлал та бүхэнд Монголын өвлийн талаар тодорхой ойлголтыг өгч чадах байхаа гэв. Тэрээр, манай хоёр орны харилцаа бүхий л түвшинд хөгжиж байгаа явдалд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаанд манай парламентын хоорондын харилцаа түлхүү үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ч дурьдав. Мөн өнгөрсөн онд нүүрлэсэн гамшигт олон хүний амь нас эрсдсэн явдалд дахин эмгэнэл илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Батболд хэлэхдээ, Монгол Япон улсуудын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд ч бат бөх, сайн түншийн харилцаатай байсан бөгөөд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд ирээдүйн хамтын ажиллагаа стратегийн түвшинд улам батжин хөгжих болно гэдэгт гүнээ итгэдэг юм. Цаашид бид эрдэс баялаг, ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр Япон улсын орчин үеийн техник, технологийн дэвшилтэт арга ажиллагааг эрхэмлэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэдгээ ч хэлж байлаа.
Ноён С.Эда, өнгөрсөн оны УИХ-ын даргын айлчлалын дараа дахин та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Одоо японд шинэ жилийн арга хэмжээнүүд явагдаж байгаа. Шинэ жилийн баярын үеэр бидний айлчлах явцад халуун дулаанаар хүлээн авч буй явдалд баярлаж буйгаа илэрхийлээд Японы улсын парламентын зөвлөхүүдийн танхимын даргын ажлыг өгсны дараа Япон-Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан. Гэтэл бүлгийн даргын хувьд хоёр орны харилцааны талын алба хашиж байгаа ч Монголд ирж үзээгүй явдал нь ичмээр зүйл юм. Иимээс би хувийн зардлаар энэ удаагийн айлчлалыг хийж байгаа юм гэлээ. 2012 онд Монгол болон Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болох бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Япон улсын зүгээс ач холбогдол өгч байгаа аж.
Н.Намсрай NUUTS.mn