Буудлагын төв клуб буюу ТСТ-ийг анх барьсан түүх
Тухайн үед хамтын ажилагааны хүрээнд БНАГУ-ын Үндэсний Батлан Хамгаалах яамны даалгавараар Техник спортын нийгэмлэгийн зүгээс Улаанбаатар хотод Буудлагын төв клуб барихад туслахаар болж.
Тухайн үед Буудлагын төв клубын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан МУГД Т.Мягмаржав : “Тухайн үед Германы талаас задгай тир барьж өгөх тухай яриа болсон. Яагаад гэвэл цаг уурын нөхцөл байдлаасаа болоод тэндээ дандаа задгай тиртэй байдаг юм байна. Харин бидэнд улирлаас хамаараад битүү тир шаардлагатай байсан. Тэгээд ерөнхий байдлаа хэлээд гайгүй сайн ойлголцсон. Яг барьдаг дээрээ тулахад тэр холоос хүмүүс ирж барих биш, тэндээс тоосго авах, зөөх биш. Энэ обьектийг барихад Германий талаас хөрөнгө гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ тодорхой тооны төмөр хийц, автомат бай, тавилга эд хогшил зэргийг бэлэглэсэн. Тирний тусгай мэрэгжилтнүүд ирж ажилласан. Ийм л зүйл гарсан. Харин бусад хөрөнгө оруулалт монголын талаас гарсан юм гэв.
Тухайн үеийн буудлагын холбооны дарга, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга агсан С.Мөнхжаргал дурсахдаа: “Жамъяан генерал над дээр ирээд, Германий талаас ийм тийм зүйлээр туслая гэлээ. Та энэ Буудлагын клубын барилга байгууламжийн төсөв мөнгийг шийдэх тал дээр туслаач гэсэн. Бид хоёр тэр өдөр хуучин Буудлагын клуб байрлаж байсан 40 мянгатын подвал дээр очиход бууны дуу чимээ дээр байгаа айлууддаа сонсогдож дургуйцэж байсан юм. Энэ байгууламжийн хөрөнгийг би улсын төсвөөс гаргуулж, улсын төсвөөр баригдсан обьект юм. Зураг төсвөөс эхлээд бүх хөрөнгө нь монголын талаас гарсан. Германы талаас бэлэг өгсөн зүйл бий, тэр төмөр хийц, автомат бай гэхчлэн, гэхдээ энэ чинь монголын хөрөнгөөр боссон байгууламж гэж амьд ахуйдаа ярилцлагадаа тодорхой хэлж байжээ.
Буудлагын спорт бол монголчуудын хувьд олимпын маш том боломж юм. Тэр утгаараа 1997 оноос хойш төсөвт байгууллагын зарчмаар ЭМС яамны сайдын багцаас санхүүжсээр ирсэн байна. Анх бий болсон хөрөнгө нь улсынх, амьдарч ирсэн мөнгө нь ч улсынх . Тэдгээр санхүүжилтийн хүрээнд ТСТ-ийн өргөтгөлийг төрөөс нэмж барьсан, хийн буудлагын тирийг мөн нэмж барьсан байдаг. Жил бүр урсгал зардал, их засварын мөнгйг төсөвт суулгаж өгдөг байж. Тухайлбал 2008 оны Бээжингийн олимпод буудлагын тамирчдаа амжилт үзүүлээсэй гэдэг утгаар төрөөс 179 сая төгрөг төсөвлөж өгсөн байдаг. Гэтэл МУХБ, МУГТ
О.Гүндэгмаа Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртэх бэлтгэлээ жирийн нэг гражд хийсэн байх жишээтэй.
О.Гүндэгмаа: Буудлага бол асар их сэтгэлийн тогтвортой байдал шаарддаг. Миний хувьд сэтгэл тайван байх үүднээс дасгалжуулагчтайгаа ярьж байгаад өмнөх Олимпын бэлтгэлээ Найрамдал зусланд гражд хийхийг илүүд үзсэн. Яагаад гэвэл ТСТ дээр бэлтгэл хийх сэтгэл зүйн таатай орчин бүрддэггүй. Тэнд бэлтгэл хийж болно л доо, хэн ч хорихгүй. Гэхдээ тэнд гадны хүмүүс амьдарна, шуугина, тамхи татна орчин байхгүй. Хятадуудад хүртэл түрээслүүлж байсан. Уг нь спортын байгууллагад гадны хүмүүс амьдраад байх нь тохиромжгүй шүү дээ. Нөгөө талаас буу, галт зэвсэг гэдэг утгаараа энэ чин боломжгүй зүйл. Дээрээс нь заавал дасгалжуулагч хамт байж гал нээх ёстой, орой 6 цаг гэхэд гал хаасан байх ёстой гэдэг ч юм уу маш төвөгтэй байдаг. За, 6 боллоо шүү гал зогсоох ёстой шүү гээ л сандраад байвал яаж бэлтгэл хангах вэ дээ. Ялангуяа тэмцээн уралдаан дөхсөн үед дасгалжуулагч буу сум, тийз янз бүрийн хөөцөлдөх зүйл их гардаг. Өндөр зэрэглэлтэй тамирчдын хувьд анхлан сурч байгаа хүмүүсээс энэ тал дээрээ бие даагаад бэлтгэл хийх үе гарахад харьцангуй туршлагтай болчихсон байдаг. Миний тамирчны гараа ТСТ-тэй яалт ч үгүй холбоотой, ТСТ-ийг хэн удирдах нь хамаагүй гэхдээ спортын байгууллага бол спортын байгууллага. Би олон улсын олон тирээр орж үзсэн, аятайхан аваад явж болмоор л санагддаг. Гэтэл үнэндээ тийм юм алга даа. Би ТСТ дээр бэлтгэл хийлгүй их уджээ. Хааяа улсын аварга ч юм уу зайлшгүй тэнд тэмцээн зохион байгуулагдахад л очиж оролцдог.
МУГД Л.Ундралбат: 1997 онд БХТН-ийн төв зөвлөл гэдэг ТББ техникийн 5 спортыг хөгжүүлнэ гээд тус тусдаа байсан клубуудыг ТСТ дээр нэгтгэсэн. Тэр нэрээрээ өдийг хүртэл Улсаас төсөв аваад бид монголд буудлагын спортыг хөгжүүлж байна гэж ярьсаар ирсэн. Хүмүүс энэ тухай мэддэггүй болохоор тийм л байх гэж боддог. Тэгвэл монголчууд буудлагаар медаль аваад байна. Тэр медаль аваад байгаа О.Гүндэгмаагаа медальтай нь хасчих, тэгвэл тэр буудлагын спортыг хөгжүүлээд байгаа ТСТ-д чин юу үлдэх юм. Гүндэгээ монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин болохоос БХТН-ийн тамирчин биш шүү дээ. 2014 онд гар бууны төрөлд монголын тамирчид 40 медаль хүртсэн. Тэрнээс 30 нь манай “Аваргаас аварга” клубын тамирчид авсан. Монголын буудлагын гар бууны топ тамирчид бүгд манай клуб дээр бэлтгэл хийж байна. Урт бууныхан маань харин 50 метрийн тир ганцхан ТСТ дээр байгаа учраас тэнд бэлтгэл хийдэг. Бусдын хийсэн бий болгосон хөдөлмөрийг өөртөө нааж хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Ядаж л эргэн тойрныхоо шарилжийг түүх хэрэгтэй. Үгүйдээ л тамирчдын харшил хөдөлнө шүү дээ. Гэтэл тухайн обьект барилга байгууламжийг өөрийн мэдлийн өмч хөрөнгө гэж үзээд байгаа БХТН-ийн төв зөвлөл ТББ тамирчид байрлаж бэлтгэл хийх зориулалттай хоёр давхарт байрлах зочид буудлын хэсгийг 1997 оноос хойш айлуудад түрээслүүлсээр ирсэн байна.
Үүнээс гадна хуучнаар УБХТН-ийн харьяанд байсан өдий төдий хөрөнгө мөн л БХТН-ийн төв зөвлөл ТББ-ын мэдэлд байна. Тэгснээрээ юу болж байна гэхээр ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу баригдсан авто сургуулийн тодорхой хэсгийг хувьчилсан, баруун жигүүрт байрлах авто засварын лабораторийг тухайн ТББ-ын дарга төрсөн дүүдээ шилжүүлсэн, Унгарын тусламжаар баригдаж байгаад дутуу орхигдсон Радио спортын клубын барилгыг мөн л зарсан. Харьяанд нь байсан газруудаа ихэнхийг зараад орон сууцны хотхон бариулсан гэхчлэн ТББ-ын чиг үүрэгт заасан нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулж байна гэхээсээ зарж үрэх ажилдаа гаршаад байна.
Монголчууд буудлагаар амжилт үзүүлэх магадлал өндөр гэж үздэг. Энэ мэтчилэн цорын ганц зориулалтын обьектоо төр мэдлээсээ гаргачихвал спортын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна. ТББ-ын тухай хууль болон, байгууллагын дүрмэнд өөрийн мэдэлд буй өмчийг захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг. Төр энэ байгууллагад эдгээр өмчийг эзэмших эрхийг албан ёсоор шилжүүлсэн нэг ч албажсан баримт, шийдвэр байхгүйгээр барахгүй хөрөнгө нь улсын төсвөөс санхүүжсэн гэдгийг тогтоогоод удаа дараа шийдвэрээ гаргасаар байхад буруу ташаа нотлох баримт гаргаж жинхэнэ үнэнийг гуйвуулж байгааг яаж тайлбарлах вэ.
Өдгөө ТӨХ татан буугдаж Сангийн яамны мэдэлд очоод буй энэ цаг үед салбарын сайд нь анхааралдаа авч холбогдох баримт материалыг цаг алдалгүй гаргаж гацаанд ороод буй өмчөө шийднэ гэдэгт найдаж байна. Төрийн бус байгууллага гэдэг нийгмийн тусын тулд, ашгийн бус үйл ажиллагаа явуулах учиртай төрөөс хараат бус байгууллага болохоос төр, олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг байгууллага биш байлтай.
НУУЦ.мн