“Хиншүү” С.Ганбаатар өөрийг нь дэвшүүлэх нам ч үгүй болж баларлаа
“Босоо” Ганбааг хэвтээ болсон хэмээн Ч.Сайханбилэг тавласан нь худлаа зүйл биш ч юм. Өдгөө тэрээр өөрийг нь нэр дэвшүүлэх намгүй болоод дээр нь бие даагчид бараг гарахгүй байх магадлалтай хуулийн нөхцөлд бие даах маш эрсдэлтэй нөхцөлд унаад байна. ХҮН-ыг баахан бужигнуулсан биш өөрөө ч намын дарга болж чадалгүй баларч хажуугаар нь шинэ намын нэрийг бөөхөн хөөдлөө. Эхэндээ олны итгэл дэмжлэгийг овоо хүлээж байсан энэ нам хөлд орохоосоо өмнө нэрээ сэвтээсэн. Өдгөө хэвтээ байрлалд шилжсэн ХҮН босох гэж зүдэрч байгаа бол бас л хэвтээ байдалтай байгаа “Хиншүү” олон арга техниктэй тул чөлөөт бөхийн хэллэгээр “хэвтээгээ босоод” хурдан шилжих гэгчийг үзүүлж байна. Тэрээр өмнө нь хамгийн хатуугаар шүүмжилдэг байсан МАНАН-тай яриа хэлэлцээр хийжээ. Бүр АН-д орох тухай нууц тохироо хийгдсэн гэнэ. Гэсэн ч “Хиншүү”, эсвэл АН эхэлж хаясан уу гэдэг нь тодорхойгүйгээр энэ наймаа буцжээ. Өдгөө АН С.Ганбаатарыг эхэлж “нулимсан” гэж байгаа бол “Хиншүү” хэзээ ч МАНАН-д орохгүй гэдгээ мэгдэгдээд эхэлсэн. Тэрээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг том намуудад орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсноос үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй. МАН, АН-ын эсрэг, ард түмний төлөө ямар ч хүчтэй эвсэж, эвлэхэд бэлэн байна. ХҮН-ыг хөл дээр нь босгож шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулахаар хичээж чармайж зүтгэсэн нь үнэн. Удирдаж, хариуцлага үүрч сонгуульд оруулъя гэдэг хүсэлтээ тавьсан. УДШ-д намайг намын даргаар бүртгээгүй, би жирийн гишүүнээр байгаа. Миний хувьд Дархан-Уул аймагт нэр дэвшинэ. Харин хэрхэн гэдэг нь тодорхойгүй. Надад санал тавьсан эсэхийг МАХН-ынхнаас асуу. Би санал тавьсан хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй. Улстөрчийг босоо байх уу хэвтээ байхуу гэдгийг урвагч Ерөнхий сайд шийддэггүй юм. Ч.Сайханбилэг, С.Ганбаатар хоёрын хэн нь босоо вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Ч.Сайханбилэгийг Дархан-Уул аймагт ирж надтай өрсөлдөхийг урьж байна" гэсэн. Хэдий имй гал цогтй мэдэгдэл хийж байгаа ч “босоо” хэвтээ болж магадгүй аюулын эрсдэл улам ихсэж байна. Хэдийн нөгөө хоёр бие даагч нь МАН-д ороод муулуулж байгаа ч тэрүүхэндээ бас л учраа олчихлоо. Харин С.Ганбаатар одоо болтол хэрхэн яаж дэвшихээ мэдэхгүй самгардаж явна.
NUUTS.mn