Ш.Оюунсүрэн дарга ажилтныхаа үнэлгээг ураад шууд хогийн саванд хаядаг гэнэ
Нийтэлсэн: 2016-05-02 06:58:44
Монголын 21 аймгаас Дархан нь удирдлагын хувьд хамгийн бужигнаантайгаар энэ сонгуульт хугацааг дуусгалаа. Хоёр ч засаг дарга солигдож өдгөө аймгийн дарга нь хэн нь вэ гэдэг нь мэдэгдэхгүй шахуу байна. Аймгийн ЗДТГ-д болдог элдэв явдал, ИТХ-ын салаавчтай хуралдаан зэргийн дэргэд Хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга Ш.Оюунчимэгийн ажилтныхаа үнэлгээг ураад хогийн саванд хийдэг нь арай “гайгүй” үйлдэл мэт. Тус хэлтсээс хууль бусаар халагдсан ахлах С.О нь хүүхдийн төрийн байгууллагад 34 жил ажиллаж 11 даргын нүүрийг үзжээ. Гэхдээ ажилтан хүний ажил амьдрлыг шийддэг үнэлгээг ураад хогийн саванд хийдэг даргатай анх удаа таарсан бололтой. Тэрээр болсон явдлын тухай “...Би тус хэлтэст 2008 онд бодлого, хөтөлбөр, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн тангараг өргөж, 2012 оноос хэлтсийн нэр, чиг үүрэг өөрчлөгдсөнөөр төлөвлөлт нөөц, хяналт шинжилгээ үнэлгээ, судалгааны чиглэл эрхлэх нэгжийн ахлах мэргэжилтнээр 2015 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хариуцлагатай, үр дүнтэй ажилласан. 2015 оны 12-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн 134-р тогтоолыг хэрэгжүүлэн хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээний багийг мэргэжилтнүүдийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнгийн гэрээний биелэлтийг хамт дүгнэсэн. Багийн ахлагчийн хувьд нэгтгэсэн үнэлгээний дүн болон мэргэжилтэн бүрийн үнэлгээний илтгэх хуудсыг баталгаажуулахаар хэлтсийн даргад танилцуулахад мэргэжилтэн Ж.Э-гийн үнэлгээг үл зөвшөөрч үнэлгээг 0 /тэг/ болго юу ч хийдэггүй гэсэн. Миний зүгээс журам зөрчинө даргаа гээд дүгнэх үзүүлэлтийн оноог хүртэл танилцуулсан. Гэвч хяналт шинжилгээ үнэлгээний багийн гарын үсгээр баталгаажуулсан хүснэгт дээр үр дүнгийн гэрээний үнэлгээг 0 болгох заалтуудыг бичиж “үүрэг даалгавар биелүүлдэггүй” гэж өөрийн гараар нэмж бичсэн. Даргын өгсөн үүргийн дагуу оноог 87,2 байсныг хасаж 77,9 болгоод даргад танилцуулахад дахиад үнэлгээг “тэнцэхгүй”, “би хамтарч ажиллахгүй” гэсэн. Ингээд Ж.Э-гийн хуудсыг шууд авч уран хогийн саванд хийсэн. “Даргаа ингэж болохгүй шүү дээ” гэхэд “хамаагүй” гээд захирч, дарамталсан дуу хоолойгоор “үнэлгээний хуудас аваад ир” гээд өөрөө шууд үнэлгээг жагсааж бичиж тооны машинаар бодож надад дүнг бич гэж үүрэгдэн оноог 49,6 болгосон. Ажилтны үнэлгээг 0 /тэг/ болго гэж тавьсан шаардлага нь хууль бус, ажлаа зохих ёсоор хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн амьдрал, нийгмийн асуудал, хувь заяатай холбоотой тул “Даргаа ингэж болохгүй та энэ мэргэжилтэнтэйгээ уулзаж ярилцаач” гэсэн боловч огт тоогоогүй. Үнэлгээтэй танилцах үед миний болон бусад мэргэжилтний үнэлгээтэй холбоотой юу ч хэлээгүй, зөвхөн Ж.Э-гийн илтгэх хуудсыг авч үлдэн бусдыг буцаан өгч маргааш болъё тар гэсэн. Гэтэл маргааш нь намайг Ж.Э-ийг дагуулаад ороод ир гээд “Та хоёрыг өнөөдрөөс ажлаас чөлөөлсөн. Одоо ажлаа хүлээлгэж өг” гэж тулгасан” гэжээ.
NUUTS.mn
