Цагдаагийн хошуучийг аавын хамт бүрэлгээд зугтаасан П.Батбаярын хэрэг…
Нийтэлсэн: 2016-04-28 16:29:13
Өнгөрсөн жилийн 11-р сард Баянзүрх дүүрэгт цагдаагийн албан хаагч эмэгтэйг аавын хамт хөнөөж ээж нагац ахыг нь олон удаа хутгалсан аймшигт хэрэг гарсан. Хэргийг охиных нь найз залуу гэгдэх П.Батбаяр үйлдээд оргон зайлж хэд хоног баригдахгүй олныг шуугиулсан. Саяхан шүүх хэргийг хэлэлцээд алуурчинд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид хорих үүнээс 10 жилийн ялыг нь гянданд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Батбаяр нь сүүлийн гурван жил шинэ хадмындаа амьдарч байжээ. Өмнө нь нэг бүсгүйтэй дотносон охинтой болсон ч өөр хүүхэнтэй орооцолдсон тул эхнэр нь салсан аж. Охинтойгоо хааяа утсаар яридаг байсан гэнэ. Шинэ хадам нь Батбаярд сайн бараг үг хэлдэггүй байжээ. Охин нь уран бүтээлч агаад түүний мэдүүлснээр маш их хартай, утсыг нь шалгадаг, хэрүүл маргаан хийдэг, архи ууж агсан тавьдаг байсан аж. Ааж ээжид нь сайн хүн болж харагдахын тулд охин чинь намайг эхнэрээс минь салгаж суусан, байнга мөнгө нэхдэг гэж ярьж ойлгуулжээ. Цаг үргэлж хий хардан сүүлдээ өшиглөж боодог, гар хөлийг нь мушгидаг болсонд 2015 оны хавар Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргажээ. Харин Батбаяр гомдолгүй гээд бичээд өгчих, би дахиж тэгэхгүй гээд гуйгаад байхаар нь би өргөдлөө авч байжээ. Бүсгүй салья гэхэд салдаггүй гэнэ. Гэртээ байлгахгүй, хаалгаа тайлж өгөхгүй болохоор гадаа машинтайгаа гэрлээ тусгаад хүлээж байгаад явдаг байсан. Ш нь хэрэг гарахаас гурав хоногийн өмнө “Бэст Ар” галларейд удахгүй гаргах үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн хурал хийхэд Батбаяр нь ирчихсэн байсанд хурдан хурлаа дуусгаад зугтжээ. Тэрээр араас гүйцэн ирэхэд нь “найз залуутай болсон хэлнэ шүү” гэхэд тэгвэл надад хутга гэж юм байдаг юм шүү гэж хэлж байсан гэнэ. Хэрэг гарахын урд өдөр хүртэл дагаад байхаар нь найзындаа очиж хоножээ. Харин түүн лүү баахан залгаж уурлаж бухимдсан алуурчин хайсаар аавынд нь ирсэн аж. Алуурчин болсон явдлын тухай “орой Ш гэртээ байна аалз минь гэсэн мессэж бичсэн, гэрт нь очиход байгаагүй. Гэрийнхэнтэй нь хөзөр тоглож бөх үзээд байж байтал Сарнай над руу караокед байна гэж хэлсэн. Тэнд очиж нэлээд суусан. Гараад хуучин эхнэрийндээ очиж охиноо харчихаад гарахдаа шар иштэй хутгыг нь авсан. Сансар ороод дэлгүүрээс “Экс” архи зээлж аваад 12-р давхарт уугаад сууж байтал эгч нь ажлаасаа ирээд гэрт ор гэсэн. Би ахин Ш рүү залгахад буудалд байна, хэнтэй байх нь чамд хамаагүй гэж хэлэхээр нь би их уурласан. Эгчид нь энэ тухай хэлэхэд “хохь чинь, би тэр залууг нь олж өгсөн юм” гэхээр нь биеэ барьж чадалгүй дайрсан. Нэг мэдэхэд 4-давхарт гүйж байсан. Дараа нь Бөхийн өргөөний хажууд хөл нүцгэн гүйж байгаад хоёр цагдаатай таарснаа санаж байна. Хуучин эхнэрийндээ очиж хувцсаа солиод дүү Зулаагийн гэрт очиж унтсан байсан” гэжээ. Аймшигт аллагын тухайд нөхөр охин хоёроо алуулсан ээж нь “…охин минь аймар дуу гаргахаар нь бид зэрэг босоод өрөөнд ороход Батбаяр охины минь дээр суусан хутгалж байсан. Тэгээд нөхөр маань охиноо хамгаалах гээд очиход эргэж хараад хутгалсан. Тэгэхээр нь би хүү минь болиоч гэхэд болихгүй хутгалаад л байсан… нөхрийн тэнхээ нь барагдаад газар унахад доороос нь өшиглөөд дээрээс ньхутгалаад байсан…миний цээж рүү цохиход би арагшаа унасан. Тэгээд охиныхоо судсыг дарахад цохилж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд Батбаяр ахын маань дээр суусан хутгатай гараа далайж байх нь харагдахаар нь би гэрээсээ гараад хажуу айлаасаа тусламж гуйж хаалгыг нь цохиж, цагдаа дуудаач, эмч дуудаач гэж орилоод зогсож байтал Батбаяр гэрээс гарч ирээд над руу нэг харсанаа доошоо гүйгээд явсан…миний охин ямар ч юм ярилгүй хэвтэр дээрээ Батбаярт алуулсан” гэжээ. Харин нагац ах нь “… хүн орилохоор нь бид гурав босоод очиход шүүгдэгч талийгаач С-ыг түрж унагаахаар нь би дээгүүр нь даваад гэрэл асаахад араас хоёр удаа цохих шиг болсон…хартал баруун гартаа хутга барьсан, гар нь цус болсон байсан…над руу дайрсан. Тэгээд нэг мэдэхэд миний гэдэс цувсан байсан…ширээн дээрээс алчуур аваад гэдсээ дарж нэг гараараа шүүгдэгчтэй ноцолдсон… голын хаалганы хажууд нугдайгаад сууж байсан С дээр очиж хутгаараа бүлээд байхаар нь болиоч гэхэд том өрөө рүү орохоор нь нөгөө жаахан охиныг алах гэж байна гэж бодоод гэдсээ тэврээд араас нь явахад миний бөөрний ойролцоогоор хутга нэвт гартал хутгалсан. Тэгээд бид орон дээр барьцалдаж авахад хутганы нэг хэсэгт миний хуруу маань гогдогдож хутгыг салгаж авсан…шүүгдэгч гал тогооноос заазуур аваад дахин над руу дайрсан…дээр доороо гаран ноцолдож байгаад би дийлэхээ больсон. Арай гэж заазуурыг нь салгахад шүүгдэгч гараад гүйсэн... С дээр очиход хүзүүнээс нь цус олгойдоод байсан тул цусан дээр нь ноосон цамцаа тавиад Ц-г үзэхэд ар нуруунаас нь цус гарч байсан… олон хүний амь насыг бүрэлгэсэн байхад шүүгдэгчийн ар гэрээс хүн чанар гаргаад бид нартай ирж уулзаагүй… Энэ бол санаатай, эртнээс бэлдсэн төгс аллага гэж бодож байна” гэжээ. Хоёр хүн хөнөөгөөд хоёр хүнийг хутгалж зэрэмдэглэсэн алуурчин тэндээсээ гарч хуучин эхнэрийндээ иржээ. Ш-ээс салж магадгүйгээ мэдсэн тэрээр сүүлийн үед хуучин эхнэр дээрээ олонтоо ирж эргэж нийлье гэж гуйсан аж. Гэсэн ч сэтгэл нь хөрсөн эмэгтэй ахин хууртагдахыг хүсээгүй тул халгаасангүй. Гэхдээ гэртээ хонуулдаг байжээ. Алуурчин тэднийд хувцас хунараа угаагаад гарсан аж. Харин өглөө нь цагдаа нар хуучин эхнэрийнд нь ирсэн гэнэ. Алуурчин дүүгийндээ нэг хоноод хамт бараа түгээлт хийдэг Эрдэнэзулынд иржээ. Тэрээр энэ тухай “...бид бараа түгээлтийн ажилд хамтран ажиллаж байсан юм, Батбаяр бараагаа олоод би түгээлтийн машиныг нь жолооддог. 2015 оны 11-р сарын 27-ны өглөөний 04 цагийн үед Батбаяр хаалга тогшиж орж ирээд найман мянган төгрөг өгчих, таксинд өгье гэхээр нь би өгсөн…орж ирээд зуухны ард суугаад тамхи авч татаад ах нь хүнтэй зодолдчихоод ирлээ, Сарнайтай хамт архи уугаад тэгээд хүмүүстэй зодолдсон гээд чимээгүй суугаад байсан, эхнэр ор засч өгөөд унт гэхэдунтахгүй суугаад байсан…өглөө өмсөх дулаан юм байна уу гэхээр нь хилэн хар өмд, хар өнгийн малгайтай доогуураа манжаатиктай өвлийн куртик, саарал ноосон малгай өгсөн. Жижиг шилтэй архи авчруулж уусан…юу ч дуугарахгүй сэтгэл санаа тавгүйтсэн байдалтай байсан...ер нь сүүлийн сар их шаналгаатай байсан. Мөнгө л олмоор байна найз нь үзэсгэлэн гаргана, жааз хийлгэхэд 800 мянга, үзэсгэлэн гаргахад хоёр сая төгрөг хэрэгтэй гээд шаналаад явсан, бид ажил багатай мөнгө төгрөг муутай байсан. Ах нь мөнгө төгрөг бүтээх гээд яваад байхад ойлгохгүй юм уурлаад байх юм гээд согтуудаа уйлж байсан…надаас хоёр саяыг зээлсэн, манай авгайн ээмэг бөгжийг хүртэл аваад явсан. Миний жижиг тэргийг ломбарданд 1.6 саяар тавьсан байсныг одоо би төлөөд явж байгаа. Миний машиныг бас авч яваад эвдээд хаясан” гэжээ. Цагдаа нар Батбаярыг Хан-Уул дүүргээс баривчилсан.
