Гаалийн Энхтайван даргаас болж Замын-Үүдийн дөрвөн гаальчин хахуулийн хэрэгт унажээ
Нийтэлсэн: 2016-04-22 02:37:59

Саяхан АТГ-ын десант Замын-Үүдийн гаальд бууж том даргыг нь хахууль авч байхад нь газар дээр илрүүлэн баривчилсан. Тэгвэл хэдхэн сарын өмнө бас жижиг бишд орох хэдэн “цурхайг”-н хэргийг илрүүлжээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, Г.Эрдэнэбаатар, улсын байцаагч М.Дөлгөөн, зөрчлийн албаны гаалийн улсын байцаагч Л.Галбадрах болон “Тренд Мебель Монголиа” компаний менежер Ц.Батдорж болон Б.Түмэнбаяр нар холбогджээ. “Тренд Мебель Монголиа”-ийн менежер Ц.Батдорж болсон явдлын талаар “...Би компаний ачаа болох 3 машин 72 тонн ачаатай хилээр оруулж ирсэн. Улаанбаатар хотод Гаалийн ерөнхий газарт ажилладаг Энхтайван гэдэг танилаасаа ачаа барааг маань хурдан шуурхай гаргаж өгөөч, энэ удаа бага мөнгөтэй байна гэж хэлж гуйсан. Тэр Дөлгөөн гэж байцаагчийн утасны дугаарыг өгч энэ хүн чамд туслах байх гэж хэлсэн. Байцаагчтай уулзаад ачаа барааг маань хурдан шуурхай гаргаж өгөөч, 18-19 сая төгрөг гаалийн татварт төлөх болчихоод байна, үүнийг 14 сая төгрөгт багтаагаад ачаагаа буулгуулахгүй, хурдан шуурхай гаргачихмаар байна гэж хэлтэл за түр хүлээж бай гэсэн. Би бүрдүүлэлтээ хийлгээд байтал Дөлгөөн залгаад та наад ачаагаа 6 сая төгрөгт багтаагаад бүрдүүлэлт хийчих, чулуун давцангаа ахиухан шиг мэдүүлчих гэсэн. Бүрдүүлэлтийн хүнээс 6 сая төгрөгт багтаагаад хийгээд өгчих гэсэнд багтаах арга байхгүй гэсэн. Гуйж байгаад бүрдүүлэлтийн хүнээр нь чулуун тавцанг ихээр бичиж, деспи хавтанг багаар мэдүүлсэн зүйл бичүүлж авсан. Дөлгөөн наадах чинь болж байна, та энүүгээр нээх үзэгдээд яах вэ гэсэн. Удалгүй нэг хүн утсаар яриад Дөлгөөний ярьсан хүн нь байна гээд Түмэнбаяр ирсэн. 16 цаг хүртэл хүлээгээд ямар нэг хариу ирэхгүй байхаар нь утсаар залгаж асуухад болоогүй байна гээд байсан. Сүүлдээ таны бичиг баримт үнэлгээний байцаагч дээр байгаа гэж хэлсэн. Би үнэлгээний байцаагчтай уулзахад таны мэдүүлгийг буцаасан гэхээр нь Дөлгөөн рүү ярьсан чинь Насаа ахад хэлчихсэн одоо очоод уулзаадах гэж хэлсэн гэсэн. Үнэлгээний байцаагчтай хамт Нанжид, Нямцогт гэдэг хүмүүс байсан. Би гаалийн татварт 5,9 сая төгрөг тушаагаад хяналтын байцаагч дээр очсон. Хяналтын байцаагч 3 машинаа тавцан дээр тавь, үзлэг хийнэ, ачаагаа буулга гэж хэлсэн. Энэ Насаа ах хяналтын байцаагч руу залгаж ярьсан. Тэгээд үзээд машин дээр очоод хучлагыг нь сөхсөн байсныг нь үзэж хараад явсан. Дараа нь Дөлгөөн залгаад Галаа гэдэг байцаагчтай уулз гэсэн. Уулзахад дарга нар мэдчихээд байна, чи яах юм бэ гэхээр нь мөнгө өг гэж байна гэж ойлгосон. Өөрөө мэдээд өг гэхээр нь 600 мянгыг өгсөн. ,Хяналтын байцаагчаар тамга тэмдгээ даруулаад гарах гэтэл хилийн цэрэг хаачихсан байсан. Түмэнбаяр утсаар яриад хилийн байцаагч нь ирж гаргасан. Энэ үед Дөлгөөн Насаа ахын дүү нь болох наад залуудаа өгөөрэй гэсэнд 7,2 сая төгрөгөө өгөөд хилээс гарсан” гэжээ. Дараа нь компаний захирал нь би 20 сая төгрөг шилжүүлсэн, хэмнэлттэй яв гэснээс хахууль өг гэж хэлээгүй гэсэн гэдэг. Харин М.Дөлгөөн нь “...Ерөнхий газар хамт ажилладаг байсан хэлтсийн дарга Энхтайван яриад Батдорж гэдэг хүн миний таньдаг найзын дүүгийнх нь компани байгаа юмаа, туслаад өгөх боломж байна уу гэхээр нь би уулзсан. Өөрийн хийх үүрэгт ажлаас бус, хийхгүй ажил үүрэг хийж, гаалийн талаархи мэдлэгээ урвуулан ашиглаж шүүгдэгч болоод сууж байгаадаа болон Ч.Насанбат, Л.Галбадрах нарыг хамт ийм байдалд оруулсандаа гэмшиж байна. Өнөөдөртөө багтаагаад гаргаад өгөөч гэж гуйсан нь миний эрх хэмжээнээс хэтэрсэн тул Насанбат ахлах руу ярьж Энхтайван ах ярьж хэлсэн юм, энэ хүнд туслаад өгөх боломж байна уу гэж хэлсэн..Батдорж 14 сая төгрөгт багтаагаад өгөөч гэж ярьсан гэж байна. Тийм зүйл болоогүй...Түмэнбаяр гэж залууг яагаад Батдорж руу явуулсан бэ гэхээр намайг хил дээр явж байхаар Бурмаа, Өлзийбаяр гэж хүмүүс хараад матаад, миний шалгаж байгаа машиныг зогсоолгоод байдаг учраас тэдний танихгүй хүнийг явуулъя гэж бодсон..” гэжээ. Ахлах Ч.Насанбат нь "...Миний бие гаалийн хяналтын талаар тодорхой хэмжээний мэдлэггүй байсны гай гарч ирж байх шиг байна. Би өмнө нь Гаалийн ерөнхий газрын санхүүгийн газрын даргын ажлыг хашиж байгаад энд томилогдож ирсэн хүн л дээ. М.Дөлгөөний аавтай нэг нутаг, 10 жилийн танил хүмүүс. Би гаалийн хяналт удирдлагын хэлтсийн дарга Энхтайван гэдэг хүнтэй хамтарч нэг байгууллагад ажиллаж байсан. Энэ хүн ийм, ийм юм болоод байна гээд Дөлгөөнөөр дамжуулж утсаар ярьсан юм. Ямар байдлаар туслах вэ гэсэн чинь бичиг баримтын тал дээр үнэлгээний тал дээр нь туслаад өгөөч гэж хэлсэн. Би Насанжаргал байцаагч руу 2 удаа ярьсан боловч надад үгүй гэсэн хариуг өгсөн. Энхээ ахлах руу бас ярьсан. Энхээ ахлах надад ойлголоо гэсэн хариуг өгсөн. Дараа нь над руу Дөлгөөн залгаад үнэлгээн дээр очоод гацаад байна, та нэг яриад өгөөч гэхээр нь залгатал дарга нар бүгд энд байна, та тэр компаний хүнийг нь дарга нартай уулзуул гэж хэлсэн. Би Батдорж гэдэг хүнийг танихгүй учраас буцаад Дөлгөөн рүү ярьж наад компаний хүнийг нь өөрийг нь уулзуул, боломжгүй болж байна шүү гэж хэлээд орхисон. Тэгээд байж байтал Дөлгөөн надруу 5 цагийн үед залгаад нөгөө ачаа чинь бичиг баримтаас гарчихсан байна, Батдорж өөрөө яваад юмаа бүтээчихсэн байна, та хяналтын байцаагчид нь хэлээд өгөөч гэхээр нь хяналтын байцаагч Г.Эрдэнэбаатар руу утсаар ярьсан. Наад хүн чинь гаалийн хяналт удирдлагын хэлтсийн дарга, дээрээс нь би хамт ажиллаж байсан хүний захиад байгаа ачаа шүү... /үргэлжлэл бий/
