"Би баривчилгаанд явмаар байна" гээд цагдааг цохиж унагажээ
Нийтэлсэн: 2016-04-05 15:34:06
Эхнэртэйгээ муудалцан уурандаа цагдаад баригдана гэж агсарсан эр хэлсэн амандаа хүрч баривчлагдах шалтаг болгон албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг нүүрэнд нь цохиж гэмтэл учруулжээ. “MRTT” компанид жолооч ажилтай Ё.Л гэдэг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байранд албан үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаагийн ахлагчийг биед халдаж гэмтэл учруулжээ. Согтуудаа хийсэн хэргээ санахгүй байна гэж мэдүүлсэн тэрээр "...согтууруулах ундаа хэрэглэсэн, тэгээд гэртээ амарч байгаад эхнэртэйгээ муудалцаад гэрээс гарч явсан, болсон явдлыг нэг их сайн санаж өгөхгүй байна" хэмээн мэдүүлжээ. харин хоёр шүдээ цөм цохиулсан цагдаа "...нэгдүгээр хэлтсийн төв байранд хэв журам сахиулах үүрэг бүхий цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан ба намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 02 цагийн үед 30 орчим насны нэг эрэгтэй хүн орж ирээд жижүүрийн өрөөнөөс "чи гараад ир, чамтай уулзмаар байна" гэсэн. Би жижүүрийн өрөөнөөс гараад нөгөө хүнээс "юу болсон бэ" гэж хэлээд дөхөөд очтол баруун гараараа үгийн зөрүүгүй ам руу цохисон. Би амаа бариад доош суухад тэр хүн "би баривчилгаанд явмаар байна, би сая эхнэртэйгээ муудсан" гэж хэлсэн. Түүнийг гавлаад эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн" гэжээ.
