АТГ-ын дараагийн бай Алтанбулагийн гааль гэнэ
Нийтэлсэн: 2016-03-31 03:34:40
Өнгөрсөн шөнө гаалийнхны хувьд хар дарсан зүүд мэт болжээ. АТГ-ынхан өчигдөр оройн 20.00 цагаас эхлэн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод гэнэтийн шалгалт хийсэн байна. Шалгалт одоог хүртэл үргэлжилж байгаа аж. АТГ-ын 20 гаруй ажилтан тус газарт энгийн хувцастай гэнэт орж ирсэн байна. Улмаар цүнхнээсээ АТГ гэсэн бичигтэй хантааз гаргаж өмсөөд нэгжлэгээ явуулжээ. Нэгжлэг хийх хугацаандаа нэг ч хүнийг оруулж, гаргаагүй бөгөөд боомтын хөдөлгөөнийг хаалгасан байна. Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтод жижиг машин, том машин нэвтрүүлэх, рентгэний гэсэн гурван хэсэг бий. АТГ-ынхан хаалга бариулсны дараагаар рентгэний болон бүрдүүлэлтийн хэсгүүдийг бүрэн нэгжсэн байна. Энэ үеэр зарим байцаагчаас хэдэн зуун мянган төгрөг гарсан гэсэн албан бус мэдээлэл байна. Дараагийн гэнэтийн шалгалтыг Гашуунсухайт Алтанбулаг Шивээхүрэнд хийх мэдээлэл тарсан тул гаальчид бажгидаж байна.
