-“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 27 мянга, 30 мянган еврогийн урамшуулалт цалин авдаг тухай мэдээлэл цацагдсан. Хуулиар үүнийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг юм уу?
-Хэвлэл мэдээллээс л энэ тухай мэдээллийг олж харлаа. Үнэн бол их өндөр цалинтай хүмүүс л юм. Хуульд гадаад валютаар цалинжина гэсэн журам байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээндээ ажлаа гүйцэтгэдэг. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд төр оролцоод байх нь буруу л байдаг. Гэхдээ энэ цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд “Эрдэнэт”-ийг шалгах, нягтлах шаардлага үүслээ л гэж харж байна.
-Валютын ханшийг хязгаарлах чиглэлээр Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ. Төсвийн орлогын ихэнх хэсгийг нүүрснээс төвлөрүүлэхээр тусгасан. Гэтэл Хятад улс нүүрсний импортоо хязгаарласан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа зэрэг нь эргээд төсвийн алдагдлыг л улам нэмэх болоод байна, яах вэ. Эдийн засаг сэргэх үү, цаашдаа хандлага ямар байгаа вэ?
-Хоёр хөршийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байгаа. Ийм үед эдийн засгаа солонгоруулах бодлого түлхүү барьж ажиллах ёстой. Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд БНХАУ руу мах экспортолж эхэлсэн. Аялал жуулчлал зэрэг бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай болж байна. Саяхан Канад руу айлчлал хийхэд мөн л тус улсын эдийн засаг хүнд байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хөгжиж ирсний үр дүн нь ингэж илэрч байна. БНХАУ-ын эдийн засгийн бодлого нь өөрчлөгдөж байгаа учраас Монгол Улс ч мөн эдийн засгийн бодлого, төлөвлөлтөө өөрчлөх шаардлагатай. Он гарсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн прогноз сэргэх хандлагатай болсон. Гацууртын орд хөдөлж, Оюутолгойн далд уурхайн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монголын нэр хүнд боломжийн болж ирсэн. Дээр нь сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг шууд ингэнэ гэж хэлж мэдэхгүй ч эерэг мэдээлэл нь тодорхой боломжууд байгааг харуулж байгаа.
-Төсвийн орлого төвлөрүүлэлт ямар байгаа вэ?
-Төсвийн орлого 90 гаруй хувьтай байна. Эхний улирлын хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй байна.
-Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” ХХК олон улсын арбитрын шүүхэд ялалт байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөрт унасан. Хэдий хэмжээний нөхөн төлбөр өгөх вэ, эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
-Хэлэлцээрийн үр дүнд нөхөн төлбөрийн хэмжээг буулгасан. Анх 350 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Энийг буулгасан, 70 сая ам.долларыг барагдуулах ёстой. Ямар нэг байдлаар зээл авч төлнө гэсэн бодол байхгүй. Төлбөрийг барагдуулахад төсвийн тодотголд зайлшгүй тусгана. Төсвөөс төлнө гэж ойлгож болно.
НУУЦ.мн