Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөгийн 60 саяыг нь барагдуулсан гэжээ
Нийтэлсэн: 2016-03-23 02:25:06
Баянхонгорын бас нэгэн "од" хэрэгт холбогдож шуугиан тариад байгаа нь “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай юм. Тэрээр бусдаас 100 сая төгрөг залилсан хэмээн хэвлэлээр шуугих болсон. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс М.Баярмагнайг гэм буруутай гэж үзэн нэхэмжлэгчид хохирлын мөнгийг нөхөн төлөхийг даалгажээ. Дээрх хэргийн талаар жүжигчин М.Баярмагнайтай холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар авлаа. Тэрээр “Миний эцэг ардын багш, харин ээж минь цэцэрлэгийн багш хүн. Намайг ийм зүйл хийхээр хүмүүжүүлээгүй. Би шүүхэд очоод болсон явдлыг үнэнээр нь хэлж, мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Гэтэл 2014 онд манай байрыг авахдаа надад урьдчилгаа болгож өгсөн мөнгөө Баянхонгорын хүнээс таван хувийн хүүтэй зээлсэн юм билээ. Миний нэрээр болгосон энэ баримтаа хуурамчаар нотариатаар батлуулаад, уг баримтаа шүүхэд өгсөн байсан. Харин тэр 100 саяын тухайд бол, байранд маань нэг жил амьдарсаны төлбөрт 10 саяыг суутгаад 90 саяыг өгнө гэж хэлсэн. Би сарын хугацаанд мөнгө төгрөг олдохгүй болохоор нь машинаа барьцаалаад 60 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 30 саяыг надад байдаг хашаа байшинг зарагдахаар өгье гэсэн. Гэтэл намайг 100 сая төгрөг луйвардан авсан хэмээн шүүхэд хандсан юм” гэлээ.
