Дэлхийн дайны түүхэнд гарсан итгэмээргүй 10 явдал...
Нийтэлсэн: 2016-03-17 15:19:09
Олзноос чөлөө аваад буцаж ирсэн нь ...
Язгууртан гаралтай англи офицер Робэрт Кэмпбэлл 1915 онд Францад байлдаж байгаа Английн хүчинд ирж тулаанд оржээ. Жилийн дараа дэлбэрэлтэнд битүү доргилт аван ухаан алдсан үедээ германчуудад олзлогджээ. Олзонд байх үед нь ээж нь хорт хавдараар өвдсөн, багахан хугацаа үлдсэн тухай захидал ар гэрээсээ авчээ. Тэрээр Германы эзэн хаан кайзер Вильгельмд захиа бичиж ээжтэйгээ сүүлчийн удаа уулзах боломж олгон 14 хоногийн чөлөө өгөхийн хүсэж буцаж ирнэ гэдгээ офицер хүний хувьд баталж андгайлжээ. Кайзер хүсэлтийг нь зөвшөөрсөн тул тэрээр Англи руугаа буцан ээжтэйгээ амжиж уулзан хөдөөлүүлээд амласан хугацаандаа багтан олзондоо буцаж иржээ. Түүнийг олзлогдсон бусад цэргүүдийн хамт дайн дууссаны дараа чөлөөлсөн гэнэ.
Алтыг төмрөөр сольсон нь...
1813 онд Наполеоны эсрэг чөлөөлөх дайн ид өрнөж байхад Пруссын хааны хатан Марианна герман эмэгтэйчүүдэд хандан армийн хэрэгцээнд зориулан алтан ээмэг бөгж эдлэлээ хандивлахыг уриалжээ. Хандивласан алтан бөгжний оронд "Gold gab ich fьr Eisen" буюу "Би алтыг төмрөөр сольсон" гэсэн бичигтэй зэс гуулин бөгж өгч байжээ. Дайны дараа эдгээр ээмэг бөгж нь алтнаас илүү үнэлэгдэн зүүж явах нь нэр хүндийн хэрэг байсан гэдэг.
Нэг дайнд гурван улсын талд байлджээ
1938 онд Ян Кван Жонг гэдэг солонгос залуу Японы цэрэгт татагдан Халхын голд байлдаад оросуудад олзлогджээ. 1942 он хүртэл хорих лагерьт хоригдсоны эцэст Улаан армийн торгуулийн суманд багтан Сталинградад ирж тулаанд оржээ. Жилийн дараа Харьковын дэргэдэх тулалдаанд анги нь бут цохиулах үед германчуудад олзлогдсон. Вермахт мөн л хүн хүчний хомсдолд ороод байсан тул солонгос залууг өөрийн талд байлдахыг ятгаад Францын эргийн хамгаалалт руу илгээжээ. Тэнд холбоотны хүчний эсрэг байлдаж байгаад америкчуудад олзлогдсон.
Францын морин цэрэг Данийн усан флотыг буулгаж авчээ
1785 оны өвлийн эхээр Францын цэрэг даничуудтай байлдахаар тухайн үед харьяанд нь байсан өнөөгийн Нидерландын нутагт оржээ. Морин ангийн дарга Иоганн Виллем далайн эргийн Дэн Хальдер гэдэг боомтыг яаралтай эзлэх тушаал аваад хөдөлжээ. Боомтод дөхөж ирээд нутгийн иргэдээс Данийн цэргийн хөлөг онгоцууд мөсөнд хашигдан зогссоныг олж мэдсэн гэнэ. Францын морин цэргүүд хөлдсөн мөсөөр давхисаар усан онгоцнуудыг бүслэн даничуудыг буулгаж авчээ. Энэ нь хуурай замын цэрэг усан цэргийг ялсан цорын ганц тохиолдол гэнэ.
Англичууд түрэгүүдийг мансууруулж байгаад ялжээ
Дэлхийн 1-р дайны сүүлээр Английн цэрэг Палестинд орж Германы холбоотон байсан Түрэгийн хүчнийг довтолжээ. Түрэгүүд өдгөөгийн Газын зурвасын дэргэдэх Шери бэхлэлтийг түшиц болгон ширүүн эсэргүүцэл үзүүлж англичуудыг зогсоожээ. Олон дайралт нь бүтэлгүй болж хохирол ихэсжээ. Энэ үед тагнуул ангийн офицер Ричард Манержэйгэн дайснууд нь тамхиар маш их дутагдаж байгааг ашиглах төлөвлөгөөг удирдлагадаа танилцуулсан гэнэ. Эхний удаад бууж өгөхийг уриалсан ухуулах хуудасд тамхи ороон олноор нь онгоцоор хаяжээ. Түрэгүүд ухуулах бичгийг ураад тамхийг нь дуртайяа авч татацгаасан гэнэ. Хоёр хоногийн дараа хүчтэй мансууруулах үйлчилгээтэй оппиум хольсон тамхийг онгоцоор хаяжээ. Маргааш өглөө нь англичуудыг дайрахад Шери бэхлэлтэнд буудах нь байтугай хөл дээрээ зогсох тэнхээтэй цэрэг цөөхөн байсан гэдэг.
Төөрсөн цэргээс болж дайн дэгджээ
1937 онд Бээжингийн Марко Пологийн гүүрэнд болсон мөргөлдөөнөөс үүдэн Хятад-Японы шинэ дайн дэгдсэн. Гэтэл мөргөлдөөн гарах шалтаг нь тун инээдтэй хэргээс болжээ. Гүүрний ойролцоо болсон шөнийн буудалцааны дараа Японы Шимура Кукуджиро гэдэг цэрэг харуулын пост дээрээ байхгүй байгааг олж тогтоожээ. Ангийн дарга нар нь хятадуудад олзлогдсон үзээд буцаан авахаар өглөө эрт хятад цэргийн байрлал дайрч урьдын жижигхэн буудалцаан бус том хэмжээний тулаан болжээ. Орой нь тулаан намдах үеэр өнөөх алга болсон Шимура Кукуджиро гэнэт гараад ирсэн гэнэ. Тэрээр ердөө харуулын байраа орхин усанд орох гэж яваад замдаа төөрсөн хэмээн дарга нартаа мэдүүлжээ.
Английн адмирал өөрийнхөө хөлгийг өөрөө живүүлжээ
1898 онд Английн флот 1.3 сая фунтын өртөгтэй "HMS Victoria" гэсэн байлдааны усан онгоц хүлээн авсан нь тухайн үедээ дэлхийд хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байжээ. Асар өндөр үнэтэй энэ хөлөг Газрын дундад тэнгис дэх Английн флотийн тэргүүн хөлөг болох шийдвэр гарчээ. "HMS Victoria"-г мөн л маш их хөрөнгө болох 900 мянган фунтын өртгөөр боссон "HMS Camperdown" гэдэг линкороор удирдуулсан хөлөг онгоцнууд задгай тэнгисд угтаад жагсаалаар боомтод орж Их Британы далайн цэргийн сүр хүчийг харуулах ёстой байжээ. Флотийг удирдаж байсан дэд адмирал сэр Жорж Тейлор үүнээс илүү ихийг үзүүлэхийг хүсэж жагсаалын магнайд хоорондоо ердөө 1000-хан метрийн зайтай явсан "HMS Victoria" болон "HMS Camperdown" хоёрыг бие бие рүүгээ 180 градус эргэхийг тушаажээ. Ингэснээр энэ асар том хоёр байлдааны хөлөг зэрэгцэн боомтод орох ёстой байсан гэнэ. Гэтэл дэд адмирал хөлөг хоорондын зайг огт тооцоолоогүйн улмаас магнайн хоёр хоорондоо мөргөлджээ. Үйлдвэрээс гараад тавхан сар болсон "HMS Victoria" живж таван жил хөвсөн "HMS Camperdown" маш ноцтой гэмтжээ. Ослын үеэр "HMS Victoria"-гийн багийн тал нь амиа алджээ. Гадаад дотоодын олон зуун хүний нүдэн дээр хэдхэн мөчийн дотор Английн усан флотийн сор болсон хамгийн үнэтэй хоёр хөлгийг үгүй хийсэн дэд адмирал сэр Жорж Тейлор шившиг гутамшиг дунд үлдэх насаа өнгөрөөхийг хүсээгүй тул живж байгаа "HMS Victoria"-гийн тавцан дээр ёсолсон чигээрээ тэнгисийн гүн лүү орсон гэдэг.
Хоёр дайны төгсгөлийг галт тэргэнд үзэглэжээ
1918 оны 11-р сарын 11-нд Ретонд өртөөний тусгай галт тэргэнд Францын маршал Бок Германы эзэнт гүрний бууж өгөх меморандумыг хүлээн авчээ. Дайн дууссаны дараа уг вагоныг Францын армийн музейд үзмэр болгосон. 1940 оны 6-р сард Хитлерийн арми хоёр долоо хоногийн дотор Францыг ялж Парисыг эзэлсэн. Германчууд өнөөх вагоныг мартаагүй тул музейгээс гаргаад герман маягаар засаж тохижуулан Хитлер энэ удаад Францын бууж өгөх меморандумыг хүлээж авсан гэдэг.
Хорт камерт ороод зургаан удаа амь гарчээ
Францын жүүд Моше Пиру 11 настайдаа Герман дахь Берген-Бельзень гэдэг хорих лагерьд гэр бүлийн хамт хүргэгджээ. Эцэг эхийг нь салган Освэнциум луу явуулсан бол Мошаг эгчийн хамт тэнд нь үлдээсэн гэнэ. 1945 онд америкчууд хоригдогсодыг чөлөөлөх үед жүүд хүү хэн ч халдашгүй нэгэн болсон байжээ. Учир нь түүнийг зургаан удаа хорт камерд оруулахад бүгдэд нь ганцаараа амьд гарчээ. Гэхдээ маш хүчтэй хорддог байсан гэнэ. Хорих лагерийн эмч нар учрыг нь олох гэж их оролдсон ч тайлбарлаж чадалгүй мухардаж сүүлдээ хэн ч гар хүрэхээ болин чөлөөтэй байдаг болжээ.
Танк олзлох гээд өөрийнхөө танкыг алджээ
Энэ явдал 1943 оны зун Курскийн тулалдааны үеэр болсон гэдэг. Байлдагч талуудын завсарын бүсэд хөдөлгүүр нь гацсан Германы "Барс" танк хоцорчээ. Экипаж нь дотроо байсанд оросын тагнуулчид ирж цамхагийг нь тогшин гарч ирэхийг шаарджээ. Эцэст нь оросууд Т-34 танк, чирэгч трактор авчиран "Барс"-ыг өөрийн тал руугаа чиржээ. Гэтэл чирэгдэж байх үед герман танкын хөдөлгүүр нь асаж чирэгчдийг өөрсдийг нь чирэн буцаж давхижээ. Оросууд танк трактороосоо үсрэн бууж зугтаасан агаад 60 тоннын жинтэй "Барс" нь 35 тоннын жинтэй Т-34, 10 тоннын жинтэй тракторыг нь чирсээр өөрийнхөө байрлалд ирсэн гэдэг.
NUUTS.mn