Өмгөөлөгч нь шүүх хурал дээр унтсаны "ачаар" шоронгоос суллагджээ
Нийтэлсэн: 2016-03-16 01:25:21

Америкд 30 жилийн хорих ялаар шийтгүүлж үүнээсээ арван жилийг нь биеэчлэн эдлээд байсан Николас Регин гэдэг залуу зурган дээр байгаа эрвээхэй зангиатай экс өмгөөлөгчийнхөө ачаар шоронгоос суллагджээ. Николас нь хар тамхи зарах, бие үнэлэхийг зохион байгуулсан хэмээн 2006 онд дээрхи ялыг авчээ. Бүр ээжтэйгээ хамт баригдсан ч бүх хэргийг өөртөө үүрсэн гэнэ. Ээж хүү хоёр 14-18 насны арваад охиныг эрхэндээ оруулж хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан нь нотлогджээ. Николас хоригдоод арван жил болсоны дараа шинэ өмгөөлөгчид нь Хойд Каролина мужийн давж заалдах шүүхэд ахин өргөдөл гаргажээ. Энэ удаад 2006 оны шүүх хуралд үйлчлүүлэгч нь ерөөсөө өмгөөлүүлэх эрхээ эдлээгүй, тухайн үед өмгөөлж байсан өмгөөлөгч нь шүүх хурлын туршид унтаж байсныг гол нотлох баримт болгон гаргаж тавьжээ. Шүүх хуралдааны бичлэгийг ахин үзэх үед Николасын өмгөөлөгч Макей нь түшлэгээ налан унтаж байсан, шүүгч түүнийг "ноён Маккей" хэмээн бүр чанга дуугаар дуудаж байж сэрээсэн нь тодхон харагджээ. Нойрмог өмгөөлөгч сэрээд үйлчлүүлэгчээ өмгөөлөх талаар бараг юу ч хэлээгүй аж. Ийнхүү давж заалдах шатны шүүх 30 жил хоригдох ял авсан этгээдийг Үндсэн хуульд заагдсан өмгөөлүүлэх эрхээрээ хангагдаагүй хэмээн үзэж суллах шийдвэр гаргасан байна.
