Цасан шуурганаар төөрсөн 100 гаруй хүнийг эрж хайж байна
Нийтэлсэн: 2016-03-04 01:32:18
Урд шөнө баруун аймгуудад хүчтэй цасан шуурга болсон. Цаг агаар мууаж гуурахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байсан боловч аян замд гарсан, малд явсан 100 гаруй хүн төөрчээ. ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан мэдээлсэнчлэн өчигдөр болон өнөөдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч зарим аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа Завхан аймагт хүчтэй цасан шуурга шуурч иргэд төөрч алга болсон учраас холбогдох байгууллагууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Өчигдөр орой орон нутагт 76 иргэн төөрч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Яг одоогийн байдлаар эдгээр иргэдээс 49 иргэнийг эсэн мэнд олсон. Одоогоор Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон сумдад нийт 26 иргэн, Баян-Өлгий аймгийн Буянт суманд нэг иргэн сураггүй алга болж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр сураггүй алга болсон иргэдийн 3 нь мал дагаж яваад сураг тасарсан бол бусад нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан гэдэг мэдээлэл иржээ. Өчигдрийн байдлаар нийт 15 иргэн мал дагаж яваад сураггүй болсноос 12 иргэнийг эсэнд мэнд олжээ.
