Уяачдын холбоо гэмтсэн 16 хүүхдүүдийн тайлбар өгөхгүй гэжээ
Нийтэлсэн: 2016-03-01 01:48:55
Төв аймгийн Засаг дарга аймгийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хурдан морины уралдаан болон морины сунгаа зохион байгуулахгүй гэх захирамж гаргасан ч Засгийн газрын шийдвэрээр хүч түрэн хийгдсэн “Дүнжингарав-2016” уралдааны үеэр 16 хүүхэд хүнд гэмтлээ. Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд Төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингарав-2016” уралдаан Төв аймгийн Хүй долоон худаг, “Цагаан хөтөл”-д болж өнгөрсөн. Энэ жилийн уралдаанд 900 гаруй хурдан морь уралдаж, мөн тооны унаач хүүхэд оролцсон байна. Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ. Хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн дөрөв нь ГССҮТ-д хүргэгдэн ирж эмнэлгийн тусламж авсан байна. Тус эмнэлгийн хүлээн авах тасгийн эмчийн мэдэгсэнээр хоёрдугаар сарын 28-ны өдөр дөрвөн хүүхэд мориноос унасан гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Эдгээр хүүхдүүдийн хоёрынх нь хөлийн шилбэний яс хугарсан байдалтай ирж, эмнэлгийн тусламж авсан гэлээ. Хтус уралдааны зохион байгуулагч болох Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, уяач П.Сэргэлэнтэй холбогдож албан ёсны тайлбар авахыг хүссэн боловч “Тайлбар хэлэх боломжгүй” гэжээ.
