-ДӨРӨВДҮГЭЭР САРААС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 5 ХУВЬ РУУ ШИЛЖҮҮЛНЭ-
Нийтэлсэн: 2016-03-01 01:02:48
“Нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байна. Үүнээс 56 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр буюу 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй.
Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Тиймээс зээлийн хүүг 5 хувь руу бууруулах ажлыг 4 сард хийхээр болсон талаар мэдээлэл өгсөн. Хаврын чуулганы эхэнд хууль батлаж байж шилжих боломжтой гэдэг хариуг өгөөд байгаа. Тиймээс энэ асуудлын хүрээнд бид ярилцахаар энд цуглаад байна”.
