10 малын “хөлсөөр” айлын өвөлжөө шатаажээ
Нийтэлсэн: 2016-02-18 02:39:48
Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд Ц.Пүрэвсүрэн гэдэг мачны өвөлжөөг “захиалгаар” төдийгүй “үнэ хөлстэй” шатаасан хэргийн дуулиан намдахгүй байна. Тус сумын 2-р багийн нутаг “Цагаан усын мухар” гэх газарт байдаг өвөлжөө нь бараг есөн саяын үнэтэй агаад урт нь 35 м өргөн 8 м харьцаатай гэнэ. Эзэн нь 2003 онд 300 ширхэг банзаар шинэчлэн сольж саравчинд нь дай мод 500 ширхэг оржээ. Өвөлжөөний дээр өндөрлөгөөтэй нэг портер машин өвс байсан гэнэ. Энэ тухай хохирогч “...Хэн шатаасан гэдгийг нүдээрээ хараагүй. . Би А.Баасанхүүг Т.Түмэнсүхийн ятгалгаар л шатаасан байх гэж бодож байна. Түмэнсүхийн өвөлжөө манайхтай ойрхон байдаг. Түмэнсүх хүрэн зүсмийн зүүн аймгийн Хорлоо гэдэг хүний үрээ морийг эзэнд нь хэлэхгүй зун, намаржин унаад байсан. Эзэн нь морио сурахаар нь би Түмэнсүх унаж байсан талаар нь хэлсэн. Харин Т.Түмэнсүхийн эхнэр нь утсаар манай эхнэрийг аашилсан байсан. Би тэрнээс болж надад хонзон санаж Баасанхүүгээр манай өвөлжөөг шатаалгасан байх гэж бодож байна. Манай сумын иргэн Чулуунбазар манай хүүд согтуугаар Баасанхүүг өвөлжөөг чинь шатаасан тухай хэлсэн гэсэн” гэжээ. С.Чулуунбазар нь “...Гучин-Ус сумын төвд Баасанхүүгийнд бид хоёр “Нутгийн буян” архи 1 шилийг хувааж уусан. Хувааж уугаад сууж байтал тэрээр гуайн байрны хажууд морьтой очоод тамхи татаж байгаад тамхиа өвөлжөөний овоолсон өвс рүү шидчихээд давхиад явчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм чи намар орой болчихсон байхад хамаагүй тэгж тамхиныхаа ишийг шиддэг нь гэж хэлээд байж байтал гаднаас хүн орж ирээд дахин энэ тухай яриагүй. Түмэнсүх л Баасанхүүд Пүрэвсүрэнгийн өвөлжөөг шатаавал мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн гэсэн” гэжээ. Хохирогчийн хүү нь “...Чулуунбазар ах халамцуу орж ирээд юм ярьж сууж байгаад танай аавын өвөлжөөг Баасанхүү шатаасан, Түмэнсүх аавын чинь өвөлжөөг Баасанхүүгээр шатаалгаад хөлсөнд 10 мал өгнө гэж ярьж байгаад 2 ямаа өгсөн гэж ярьж байсан. Түмэнсүх орж ирэхээр А.Баасанхүү мал авна гэсэн чинь хоорондоо маргалдсан гэж ярьж байсан. Би тэгэхээр нь тэр дор нь аав ээждээ хөдөө гэртээ очоод хэлсэн” гэжээ.
NUUTS.mn
