Н.Номтойбаяр гишүүний хэргийг сэргээсэн үү...
Нийтэлсэн: 2016-02-18 01:11:44
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос тус байнгын хороонд ирүүлсэн иргэний өргөдлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагад уламжилсан тухай мэдээлэл цацагджээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг сэргээн, шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоос гурван жилийн тэртээ эрхэм гишүүнд хутгалуулсан Баттулга гэх залуугийн гомдлоор хэргийг сэргээсэн аж. 2013 оны 9 сарын 25-ны орой 23:00 цагийн орчимд МУИС-ийн хичээлийн II байрны замын эсрэг талд орших “Le Triskell” хэмээх франц ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажил хэргийн түншүүдтэйгээ уулзахаар орсон байдаг. Тодруулбал, Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд нарын хамт ороод, бусадтай муудалцаж, хутга шөвөг дээрээ тулсан байдаг. Бухимдсандаа бусад руу хутга барин дайрсан Н.Номтойбаярын үйлдлийг зогсоох гэсэн бие хамгаалагч Баттулга нь хутганд өртөж, биеийн байдал нь тааруу, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас Н.Номтойбаярын танхайрсан үйлдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Н.Номтойбаяр гишүүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн мэдээллэсэн билээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын далайсан хутганд өртсөн түүний бие хамгаалагч гэгдэх Баттулга нуруун тус газраа хүнд гэмтэл авч, багагүй хугацаанд эмчлүүлжээ. Зарим эх сурвалж “Н.Номтойбаяр тухайн үед мунзуй хочит Г.Нямдоржтой маргалдаж, улмаар хутга барьж дайрсан” гэж мэдээллэдэг. Н.Номтойбаяр тухайн үед хэргийн талаар өөр мэдээлэл өгсөн билээ. Тэрээр МУИС-ийн хичээлийн II байрны замын эсрэг талд орших “Le Triskell” хэмээх франц ресторанд байж байтал гаднаас “Центерпойнт”-ийн гэгдэх, “мунзуй” хочит н.Нямдорж, н.Баттулга гэдэг хүнтэй орж ирээд над руу хутга барьж дайрсан. Тэгэхэд тус рестораны хамгаалагч, зөөгч нар салгасан. Гэтэл тэр н.Нямдорж “Шинэ дэлхий” телевизийн захирал н.Энх-Эрдэнийг үүдэнд зогсч байхад нь зодоод зугтаасан байсан. Хутга бариад дайрсан ч тухайн газрынх нь хамгаалагч, зөөгч нар салгасан. Тэгээд бид тэндээс гараад явсан. Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ. “Шинэ дэлхий” телевизийн захирал найз минь дундуур орж салгасан. Түүнээс биш хэвлэлээр шуугиад байгаа шиг хүн хутгалж гэмтээсэн зүйл болоогүй ээ. Яахав, биднийг салгах гэсэн найзыг маань хутганы үзүүр шүргээд өнгөрсөн гэсэн. Түүнээс биш амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулаагүй. Одоо тэр хүний биеийн байдал сайн байгаа. Хэвлэлээр миний хамгаалагч гэмтсэн гэж мэдээлээд байна л даа. Үнэндээ бол надад хамгаалагч байхгүй шүү дээ” гэсэн байдаг. Ямартаа ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг иргэн н.Баттулгын гомдлын дагуу дахин сэргээн шалгаж эхэлжээ. Мөн “мунзуй” хочит Г.Нямдорж ч түүний эсрэг гомдол гаргаад байгаа гэсэн мэдээлэл байна.