Хөвсгөлд хамтран амьдрагчийнхаа хүүхдийг барьцаалсан хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2016-02-17 01:02:44
Хөвсгөл аймгийн Галт сумын 2-р багт оршин суух Э.Ухнаа гэдэг залуу Мөрөн сумын х “White house” зочид буудлын 102 тоот өрөөнд ажлаа эрхэлж байсан иргэн С.О-ийг хүч хэрэглэхээр заналхийлж хурьцал үйлдсэн, мөн Б.Мөнхбаяртай бүлэглэн согтуугаар түүний төрсөн хүү 7 настай Н.Т-ыг барьцаалан авч улмаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн заналхийлж, бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт үйлджээ. Барьцааглагч эр энэ тухайгаа О-ээс 800 мянган төгрөгийн авлагаа л нэхсэн хэмээн мэдүүлжээ. Харин хохирогч С.О нь “...би нөхөртэйгээ муудалцаад түр салсан бөгөөд тэгж салах үедээ Галт сумын Ухнаа гээд залуутай хамт амьдрах болсон бөгөөд яваандаа зан ааш нь эвдрээд эхэлсэн, салъя гэхээр салж өгөхгүй зовоосон. Тухайн өдөр “Төгсөө үүдээ” гэх Ухнаагийн дуу гарсан. Би айгаад хойд айлынхаа хашааг даваад зугтаасан.... Ухнаагийн дуу гараад “чи ээжийгээ олж ир. Гаргаж ирэхгүй бол чиний наад гарыг чинь дахиад тасдана эсвэл ална шүү” гэх нь дуулдсан. Тэгснээ мотоциклио асаагаад хүүг маань уйлуулж чарлуулаад аваад явахаар нь цагдаад гүйж очсон. Ухнаагийн утас руу залгахад “Ухнаа би байхын хувьд байна. Ирж хүүгээ авбал ав. Авахгүй бол би хүүг чинь ална. Ирэхдээ чи ганцаараа ир. Цагдаа дагуулж ирвэл би хүүг чинь ална шүү” гээд хаана байгаа газраа хэлж өгөхгүй байсан. Мөн “чи ирэхдээ шалдан ирээрэй. Ирэхдээ зөндөө олон бэлгэвч авчираарай. Чи угаасаа гадаад, дотоодын зөндөө олон хүнтэй унтаж байгаа янхан минь тийм учраас бэлгэвч авчраарай” гэсэн. Тэгээд би түрүүлж машинтай явахаар болоод араас цагдаа нар машинтай дагахаар болсон. Ахин залгахад хүү ээжээ та хаана байгаа юм бэ ирж аваач гэж уйлж байсан. Энэ үед цагдаа нар харагдахгүй жалгаар намайг дагаад явсан. Жолооч гэрлээ асаатал нэг залуу миний хүүг боочихсон бариад зогсож байсан, цагдаа нар нөгөө залууг барьж авахад Ухнаа зугтаасан..” гэжээ. Харин барьцаалуулсан хүү “..ээж гараад зугтаахад би эргээд хөнжилдээ ороод хэвтсэн. Ухнаа танихгүй залуутай орж ирээд “ээжийгээ олж өг” гээд гэрээс чирч гараад мотоцикл дээрээ суулгаад явсан. Ухнаа “ээжийгээ олж өгөхгүй бол чамайг ална шүү” гээд байсан. Бас “гарыг чинь нэмж таслана” гэсэн. Соёмботой уул руу мотоциклтой яваад уулын орой дээр гарсан. Ухнаа “энд сүнс байдаг” гэсэн хамт явсан залуу нь уулын хойно ар талд байдаг ус руу намайг шидчихье гэсэн. Ухнаа нь эвхдэг хутга гаргаж ирээд ална шүү гэснээ миний хоолой дээр хутгаа тулгасэн, нөгөө залуу нь намайг оршуулгын газар аваачаад хүлээд тавьчихъя гээд байсан. Ухнаа ээж рүү залгаад “чи ирж хүүхдээ ав. Хүүхдийг чинь явуулна. Харин чи өөрөө алуулна” гэж яриад байсан. Тэр хоёр намайг ална, зүрхийг чинь сугалж авна, хоолойг чинь хэрчинэ, ус руу шиднэ, хоолойгоор нь уяа уяж байгаад жорлон руу хийнэ, оршуулгын газарт аваачаад тавьчихья, хүзүүг чинь мушгина гээд байсан. Тэр хоёр манай ээжийг хаана байна шээс минь чи хурдан ирэхгүй бол хүүхдийг чинь ална, нэг бол чамайг ална гээд яриад байсан” гэжээ.
