Байцаагч Д.Жийсүрэн “Монгол саплай чейн” компаниас 450 мянган төгрөгний хахууль авчээ
Нийтэлсэн: 2016-02-16 02:02:37
Экспорт, импортын хяналтын хэлтсийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч ажилтай Д.Жийсүрэнгийн улсын байцаагчийн хилийн мэргэжлийн хяналтын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Монгол саплай чейн” компаний Солонгосоос зориулалтын бус чингэлэгээр тээвэрлэж, импортлон оруулж ирсэн мандарин жимсний үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой бус зарим хэсэг нь хөлдсөн, хаяг шошгын зөрчилтэй байхад албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр тус компанийн ажилтан Б.Мөнхбат, Д.Анхбаяр нараас 450 мянган төгрөгний хахуульд авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ. Улсын байцаагч хахууль авснаа мэдээж хүлээсэнгүй. Харин ч хэрэг илэрмэгц хамт ажилладаг А.Э рүү “чи намайг АТГ-д өглөө” хэмээн дайрсан гэнэ. Болсон явдлын тухай “Монгол саплай чейн” компаний ажилтан Б.Мөнхбат “...Солонгос улсаас 40 тонн чингэлэг мандарин “Интердисижн”-ий гаалийн хяналтын талбайд буусан. Тэгээд би гаалийн бүрдүүлэлт хийж шалгуулаад хилийн мэргэжлийн хяналтаар шалгуулсан юм., тэр үед улсын байцаагчаар Жийсүрэн гээд эмэгтэй хүн байсан ба манай чингэлэгийг нээж эхний 5 хайрцгийг шалгаад “хөлдсөн байна, гаалиас чөлөөлөх боломжгүй” гээд буцаагаад хаагаад өрөө рүүгээ орсон, би араас нь “чингэлэгтэй нь буцаана, танайхыг торгоно” гэсэн, тэгэхээр нь би “буцааж болохгүй, агуулах дээрээ буулгаад ялгалт хийе, таныг байлцуулаад” гэхэд байцаагч “тийм боломж байхгүй, заавал торгоно, удирдлагадаа хэл” гэхлээр нь би агуулахын дарга Анхбаяр луу залгаад болсон асуудлыг хэлэхэд “өндөр дүнгээр торгуулж чадахгүй байх, буцааж болж чадахгүй, таныг байлцуулж байгаад ялгалт хийе” гээд гуй гэсэн. Тэгэхлээр нь би тэгж хэлээд гуйхад байцаагч торгуултийн хуудас гаргаж ирээд “би бичлээ шүү. Чи удирдлага руугаа яриач” гээд байсан, тэгээд би дахиад л Анхбаяр дарга луу залгахад “наад хүн чинь чамаас юм хараад байгаа юм биш үү, чи өөрөө асуухгүй юу, санаагаа илэрхийлээд байгаа юм биш үү” гэсэн. Би байцаагчид захирал торгуулах боломж байхгүй гэнэ гэхэд “тийм бол албан бусаар торгоно, нэг сая төгрөг өг” гэсэн. Харин Анхбаяр “тийм боломж байхгүй, 500 мянгыг өгье гээд хэл” гэсэн, би “500 мянгыг өгөх боломжтой гэнээ” гэхэд “тийм бол яг одоо түүнийгээ өгөөд бараагаа ав” гэсэн. Тухайн үед надад гаалийн зардлаас илүү гарсан 250 мянга байсан тул өрөөнөөс гартал манай барааг тээвэрлэгч компанийн ажилтан Бүрнээ явж байсан, түүнээс 200 мянган төгрөг зээлээд нийтдээ 450 мянгыг оруулж өгсөн, байцаагч “50 мянгаа импортын мэдэгдлээ авахдаа өгчихөөрэй” гэсэн, би гаальд Жийсүрэнгээс авсан бичгээ үзүүлээд бараагаа авч агуулах руу явуулсан. Тухайн үед мөнгийг өгч байхад өрөөнд биднээс өөр хүн багаагүй.... энэ талаар Амгалан гээд бас мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байсан” гэжээ. Харин юм нэхээд байгааг соргогоор “мэдэрсэн” агуулахын дарга .Анхбаяр “...Мөнхбат залгаад “манай барааг хөлдсөн байна, зориулалтын бус чингэлэгт тээвэрлэн авчирсан байна гээд өгөхгүй байна, тэгээд торгоно гээд байна” гэхээр нь би бага хэмжээний торгууль бол болно, ямар ч байсан бараагаа тэндээ хонуулж болохгүй, хөлдчихнө авах хэрэгтэй” гэж хэлсэн, тэгээд дахиад Мөнхбат надруу “сая төгрөг өг гэнэ, яах вэ” гэхээр нь “сая төгрөг өгч чадахгүй, 500 мянгыг өгье гээд хэлчих” гэсэн, Мөнхбатын утсаар хэлж байгаагаар тэр байцаагч мөнгө нэхээд байгаа нь тодорхой байсан, тодруулж хэлбэл тэр мэргэжлийн хяналтын байцаагч өөрөө хахууль нэхсэн” гэжээ.
