УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Ганбаатараас цагийн үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Танай намыг дотооддоо асуудалтай байгаа гэх мэдээлэл цахим хуудсуудаар явах боллоо. Үнэхээр дотооддоо асуудалтай байгаа юм уу?
-Манай нам бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон хүний нэгдэл болсон нам. Бид олон дэмжигчийн итгэлийг хүлээж байгаа. Цаашид ч хүлээх болно. Аливаа хүчтэй шинэ нам гарч ирэхэд бүлэглэлүүд хутган үймүүлж, бодлогоор унагаах тийм зүйл явагддаг. Түүнээс биш манай нам дотроо эв нэгдэлтэй байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлаа удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байгаа. Шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүн оруулаад бодлогоор мэдэгдэл хийж, гаргадаг явдал бий.
-Нийслэлийн ХҮН намын дарга албан тушаалаа өгнө гэх асуудал яригдаад эхэллээ. Үүнд тайлбар өгөөч?
-Энэ бол манай намын дотоод асуудал. Дүрмээрээ шийднэ. Хууль зөрчсөн байвал тогтоогоод, ном журмаар нь шийднэ. Түүнээс хэн нэгэн гомдож гарч ирээд янз бүрийн мэдэгдэл хийгээд байвал аль нэг бүлэглэлээс орж ирсэн бууны нохой юм уу гэж хардахыг хүсэхгүй байна. Дотооддоо энэ асуудлыг шийднэ.
-Танай намын залуус өөрсдөө мэдэгдэл гаргасан байсан. Таныг намын дарга байж чадахгүй, цаашлаад ерөнхийлөгч болж чадахгүй гэж үзэж байгаа юм биш үү? Та хагаралгүй гээд байх юм. Хагаралгүй юм бол яагаад битүүний өдөр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг сольчихсон юм бэ?
-Энэ асуудал бол манай намын дотоод асуудал. Дүрмээрээ шийдэгдэж байгаа. Дүрмээс гадуур зүйл ярьж байгаа хүмүүс бол Ганбаатарыг ерөнхийлөгч болгохгүйн төлөө зүтгэж байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байгаа. Гэхдээ ингэж бодоход эрт байна.
-Танай намын гишүүд сар бүр 50 мянган төгрөг тушаадаг юм уу?
-Бид өөрсдийн намын гишүүдийн татвараар, шударгаар үйл ажиллагаа явуулдаг.
-Танай намын удирдах зөвлөлийн гишүүд бэлэн мөнгө өгдөг дүрэмтэй гэж сонссон. Таны дор ажиллаж байсан туслахууд бэлэн мөнгөө өгөхгүй гэдгээс хагарал үүссэн юм биш үү?
-Энэ асуудал намын дүрмийн хүрээнд шийдэгддэг асуудал. Ард түмний итгэлийг даах шинэ хүч гараад ирмэгц унагаахыг хүсч буй бүлэглэлүүд байгааг үгүйсгэхгүй. Бид тийм явуулгад автахгүй. Гаднаас орж ирсэн зарим нэг хүн янз бүрийн зүйл яриад явааг үгүйсгэхгүй. Ямар нэгэн гомдогч орж ирээд янз бүрийн юм яриад явна гэдэг өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна. Тиймээс бид дотроо ярилцаад, асуудлаа шийдээд явна.
-Танай нам хэр ой санамжтай юм бэ. Оны өмнөхөн танай намын гишүүн Т.Бат-Оргил Халх гол чөлөөт бүсийн асуудлыг яриад л, цуглаан хүртэл хийгээд явсан. Өнөөдөр чимээгүй л байна?
-Бид маш сайн ой санамжтай. Ямар ч байсан хийсэн ажлаасаа болж муулуулж байна гэдэг ажилтай л байгаагийн шинж юм шүү дээ. Бид хичээж ажиллаж байна.
NUUTS.mn