Гоо сайхны хагалгаа хийлгэхийн тулд хавдартай хэмээн найз залуугаасаа мөнгө “салгажээ”
Нийтэлсэн: 2016-02-14 01:22:04

Эмэгтэй хүн гоо сайхны төлөө юу ч хийхэд бэлэн бас ямар ч зүйл хийж чадна гэдгийг 31 настай Шарлотта Рош хэмээх англи бүсгүй бүрэн дүүрэн харуулжээ. Тэрээр Мэтью Пилигримм гэдэг залуутай 2015 оны хавар танилцаж дотноссон гэнэ. Удалгүй найз залуудаа өндгөвчний хорт хавдартай гэсэн аймшигт мэдээ дуулган хайрлах өрөвдөх сэтгэлийг нь зэрэг хөдөлгөж чаджээ. Хорт хавдартай нь шинжилгээгээр бүрэн батлагдсан тул Лондонгийн нэгэн хувийн эмнэлэгт хагалгаанд орох болсоноо хэлэхэд Мэтью эмчилгээнийх нь зардалд зориулж 6800 евро зээлүүлжээ. Дараа нь хагалгааны дараахь эмчилгээнд мөнгө дутлаа хэмээн ахин 2000 мянгыг авсан гэнэ. Гайхалтай нь ямар эмнэлэгт хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа огт хэлээгүй агаад эргэж тойрохыг нь хүртэл зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд удалгүй Шарлотта холбоо барихаа больж харилцаа таслагдсан гэдэг нь залуу эрд ч ойлгомжтой болжээ. Өөрийгөө хууртагдаж ашиглуулсан гэж үзсэн Мэтью зээлүүлсэн мөнгөө нэхэн шүүхэд хандах үед бүх зүйл тодорчээ. Шарлотта ямар ч хавдар тусаагүй агаад ердөө л гоо сайхны хагалгаа хийлгэх гэж л мөнгө авсан байжээ. Тэрээр экс найз залуугийнхаа мөнгөөр хамраа тэгшлүүлж өөхөө соруулж хөхөө томруулсан гэнэ. Гэсэн ч бусдыг залилан мэхэлсэн хэмээн шүүхийн шийдвэрээр 80 цагийн албадан хөдөлмөр хийх, Мэтьюд 14420 евро төлөх үүрэг хүлээжээ.
