Зургаан жил ажилдаа яваагүй ч цалингаа бүтэн авч байсан түшмэл илэрчээ
Нийтэлсэн: 2016-02-13 02:11:00
Испаний Кардис хотын 63 настай төрийн албан хаагч Хоакин Гарсия сүүлийн зургаан жил ажилдаа огт очоогүй ч цалингаа бүрэн авч байсан нь илэрч өдгөө их хэмжээний торгуульд унаад байгаа гэнэ. Тэрээр нэгэн том хорооллын орон сууцны барилгуудад нийлүүлдэг ундны усыг дахин цэвэршүүлэх үүрэгтэй дэд станцуудыг хариуцдаг төрийн өмчит компанид хотоын захиргааг төлөөлөх, зохицуулах үүрэгтэй алба хашдаг байжээ.Жилийн цалин нь бүх төрлийн татвараа төлөөд 37 мянган евро авдаг. Гэтэл саяхан л түүнийг ажилдаа огт ирдэггүй байсныг нь тохиолдлоор олж илрүүлжээ. Бүр гайхалтай нь төрийн албанд он удаан жил үр бүтээлтэй ажилласан хэмээн шагнах гээд хайгаад олоогүйгээс бүх зүйл эхэлжээ. “Хотын захиргаа түүнийг төрийн албанд 20 жил ажилласны ойгоор нь өргөмжлөл дурсгалын тэмдгээр шагнахаар шийдсэн үед л ажилдаа огт ирдэггүй байсныг нь олж мэдсэн” хэмээн Кадис хотын орлогч дарга Блас Фернандес хэвлэлийнхэнд ярьжээ. Бүхэл бүтэн зургаан жилийн турш хотын захиргаа нь Хоакин Гарсияг төрийн өмчит компани дээрээ цагаа бүртгүүлдэг тэнд офислодог гэж бодож байсан бол компаний захиргаа нь түшмэл гуайг хотын захиргаанд албан өрөөтэй гээд цагийн бүртгэлдээ оруулаагүй явж иржээ. Өдгөө хотын захиргаа ажилдаа огт ирэлгүй зургаан жил болсон албан хаагчийнхаа эсрэг иргэний хэрэг үүсгэн олгосон цалингаа нэхэмжилж байна. Харин Гарсия ажилдаа ирсэн ч хийх ажил огт байдаггүй болохоор очдоггүй байсан хэмээн биеэ өмөөрчээ. Тэр тухайгаа дээд удирдлагадаа илтгээгүй шалтгааныг нь асуухад халах эсвэл цомхотголд оруулах байх гэж айсан гэжээ. Хотын захиргаа ажилдаа огт ирдэггүй байсан ажилтнаа хүчээр шахуу тэтгэвэрд гаргаад 27 мянган евро буцааж төлөхийг шаардаж байна.
