Хятад хүүхнүүд еэвэн сараараа “найз залуу” түрээслэж байна
Монголын Цагаан сараар ганц бие хүмүүс хүнд байдалд ордог бөгөөд түүнээс хамаатан болгон нь “гэрлэсэн үү, хүүхэд чинь оройтлоо” гэх мэтээ шалгааж байцаадаг. Тэгвэл Хятадад ч гэсэн ганц бие хүмүүс ийм хүндрэлтэй тулгардаг гэнэ. Дээр нь тус улсад хүйсийн тэнцвэр алдагдсан тул нэг залуугийн төлөө 2-3 хүүхэн өрсөлддөг. Энэ нь найз залуутай болох боломжийг мэдээж багасгана. Гэтэл еэвэн сараараа хамаатнуудтайгаа уулзахад бүгд найз залуутай эсвэл нөхөртэй болсон эсэхийг нь асууж шалгаадаг тун хэцүү тухай бүсгүйчүүд зовлонгоо дэлгэжээ. Тэгвэл зарим хятад залуус энэ нөхцлийг ашиглан мөнгө хийх санаа олоод байна. Тэд эцэг эх, хамаатан садантайгаа уулзах ганц бие бүсгүйчүүдэд хандан найз залуу “түрээслэх” саналыг үндэсний твиттер болох Вэйдогоор цацаж эхэлжээ. Нэг өдөр түрээслэхэд мянган юань буюу 150 долларын хөлстэй гэнэ. Эцэг эх хамаатнуудынхаа өмнө байцаагдаж зовж байхаар энэ зэргийн мөнгө зарцуулаад найз залуутай мэт харагдах нь зөв бас ашигтай аргад тооцогдож байна. Гэхдээ түрээслэгчид ч бас шаардлаг нөхцөл тулгажээ. Тэд “түрээсний” найз залуутайгаа үнсэлдэхгүй тэврэлдэхгүй мөн “найз залуу” нь баяраар эцэг эхийнд нь очих үед архи уухгүй байхыг шаарддаг гэнэ. Хэрвээ согтвол ам алдаад хамаг нууцыг задлана хэмээн болгоомжилжээ. Мөн хэрвээ эцэг эхийндээ хонох бол бэлгийн харьцаанд орох тухайд бодох ч хэрэггүй гэжээ.