Тэргэнцэртэй залууд мөргүүлсний төлөө асар их мөнгө нэхэмжилжээ
Нийтэлсэн: 2016-02-04 05:51:43
Оросууд улам бүр хүн чанаргүй болж байгаа гэнэ. Санкт-Петербург хотын тойргийн шүүх хөгжлийн бэрхшээлтэй тул тэргэнцэрээр явдаг залууд мөргүүлсэн гэх эмэгтэйн хэргийг хэлэлцээд “хохирогчийн” талд шийдвэр гаргажээ. Хөгжлийн бэрхшээлтэй Олег Сопин гэдэг залуу цайны газар автомат удирдлагатай тэргэнцэрээрээ мөргөж гар гэмтээсэн хэмээн Людмила Ликина хэмээх эмэгтэй 150 мянган рублийн нөхөн төлбөр нэхжээ. Энэ нь тахир дутуугийн сарын 20 мянган рублийн тэтгэмжээрээ амьдардаг Олег болон түүний ээжийн хувьд дааж давшгүй их мөнгө юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайн эмэгтэйг мөргөөгүй гэсэн бол “хохирогч” гараа гэмтээснээс сэтгэл санаа болон биемахбодийн их хохирол амссан хэмээн гомдолложээ. Олег тэргэнцэртэй, ээж нь нас өндөр тул шүүх хуралд ирж чадаагүй учир шийдвэр нөгөө талд нь гарчээ. Харин “хохирогч” эмэгтэйн зарим найз нар нь өөдгүй занд нь дургүйцэн гараа гэмтээсэн гэсэн атлаа үдэшлэгт явж цанаар гулгаж байсан тухай баримтыг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний талд өгсөн гэнэ. Тэрээр өмгөөлөгч авах мөнгөгүй тул хяналтын шатны шүүхэд өөрөө өөрийгөө хамгаалахаар бэлдэж байна. Гэсэн ч настай эх нь их хэмжээний төлбөрд унаж мөнгөгүй болох нь хэмээн айж болгоомжилон төмс, лаазалсан бүтээгдэхүүн зэргийг нөөцөлж байгаагаа ярьжээ.
