Эрдэнэт үйлдвэрд “ажилд оруулагчид” 12 сая төгрөгөө алдсан эмэгтэй машиных нь шилийг хагалжээ
Нийтэлсэн: 2016-02-04 03:43:42
Энэхүү явдлаас үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрд хүний нөөцийн газар гэж байхын хэрэгггүй бололтой. Үйлдвэрээс гадуур ажилладаг “зуучлагчид” л ажилд авах эсхийг шийддэг бололтой. “Эрдэнэт” үйлдвэрт ажилд оруулдаг гэх Ариун-Э гэдэг залууд 12 сая төгрөгөө өгөөд алдсан Д.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр Хангарьд спорт цогцолборын автомашины зогсоол дээр зогсож байсан 7...-7... улсын дугаартай Хюньдай Санта П маркийн автомашины ар талын салхины шил рүү чулуу шидэж хагалсан хэрэг гарчээ. Болсон явдлын тухай нөхөр Г нь “... “..Би Ариун-Э-тэй найз нөхдийн холбоотой байдаг байсан. Тэгээд Ариун-Э-г Эрдэнэт үйлдвэрт хүн ажилд оруулж өгдөг гэнэ гэж Батсайхан гэх найзаасаа дуулаад эхнэрээ ажилд оруулах талаар ярьж байсан юм. Тэгтэл 2014 оны 8-р дугаар сард намайг ажлаар Оросын холбооны улсын Улаан Үдэ хотод явж байх үед Батсайхан манай эхнэртэй холбогдоод “Ариун-Э яаралтай нэг хүн ажилд оруулах боломжтой боллоо. Чи мөнгө олоод хүрээд ир найдвартай ажилд оруулна гэж хэлсэн байсан. Тэгээд энэ талаар манай эхнэр надтай утсаар ярьж хэлэхээр нь би “найдвартай юм уу, чи мөнгө төгрөг хаанаас олох юм бэ “ гэж хэлж байсан. Тэгтэл намайг Монголд ирээгүй байхад эхнэр маань манай аав ээжийн газрын гэрчилгээг ломбарданд тавиад 12 сая төгрөг өгчихсөн байсан. Гэсэн ч манай эхнэрийг ажилд ч оруулж чадалгүй, энэ асуудал цагдаагийн газар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэн Улаанбаатар хотод шалгагдаж байгаа. Эхнэр бид хоёр Ариун-Э-д өгсөн мөнгөө төлөхийн тулд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авч өгсөөр нэлээн их хэмжээний өрөнд орсон байгаа. Тэрээр эхнэр бид хоёр хэдэн төгрөг өгсөн ч хохирлыг барагдуулах хэмжээнд өгөөгүй байгаа учир эхнэр маань байнга мөнгө, төгрөгөө нэхэж байгаа бөгөөд Ариун-Э биднээс зугтаж үнэн худал зүйл ярьж яавсаар өдийг хүрсэн. 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ариун-Э-ий машины шилийг хагалсан гэж эхнэрээсээ өөрөөс нь сонссон. Ариун-Э ч надтай утсаар ярьж энэ талаар хэлсэн. Хариуд нь би “Аргагүй шүү дээ эмэгтэй хүн тэвчье тэвчье гэхэд яаж тэвчих вэ дээ гэж хэлж байсан. Эхнэрээ ажилд оруулахын тулд Ариун-Э-д мөнгө өгсний улмаас бидний амьдралд маш их асуудал үүссэн байгаа. Хүмүүс эхнэрээс минь мөнгө нэхээд амар тайван байлгахгүй болохоор тийм үйлдэл хийх болсон байх гэж бодож байна. Ариун-Э хүмүүсийг зөндөө хохироочихоод машин тэрэг унаад л өөрийн гэсэн гэр оронтой явдаг учир эхнэр маань бухимдах нь аргагүй шүү дээ. Эхнэр бид 2 одоо хүртэл өөрийн гэсэн орон гэргүй явж байгаа. Манай эхнэр их шударга, эршүүд зантай эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж дэлгүүр ажиллуулж, мөнгө төгрөг олоод л явдаг байсан. Мөнгө төгрөгний асуудалд ороод л сүүлийн жил гаруй хугацаанд их бухимдалтай байгаа...” гэж мэдүүлжээ. Бусдыг олон сая төгрөгөөр хохироосон “зуучлагчин” машиных нь хагарсан шил Монголд байдаггүй, их үнэтэй гэнэ.
