Хориход гар утас барьдаг ялтан “Өршөөлийн хуульд хамруулж өгнө” хэмээн хорихоос залилан хийжээ
Нийтэлсэн: 2016-01-28 03:15:18
Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 41 настай, С.Ансаган хэмээх казак эр шоронд гар утас барьдагаа овжиноор ашиглан шүүхч прокурорын нэр барин хорихоос залилан хийжээ. Тэрээр залилангийн хэргээр 6 жил хорих ял шийтгүүлж уг ялаа Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорих 415-р ангид эдэлж байхдаа давтан үйлдлээр буюу ялтан Ж.Н-ийн эхнэр Ж.О-аас түүний утас руу 9417......, 8945......., 9953...... дугаартай гар утас ашиглан “ялтан Ж.Нямцэндийг Өршөөлийн хуульд хамруулж ялыг хөнгөрүүлж өгнө , хорих ангиас суллаж өгнө” гэж ярих, мессеж бичих 15 удаагийн үйлдлээр нийт 5.3 сая төгрөгийг, ялтан Б.И-ийн ах Б.Ж-өөс 9446....., 9676......, 9424....... зэрэг нийт таван гар утас ашиглан “ялтан Б.И-ийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө, өмгөөллийн тоот авах, хүний эрхийн хорооноос тоот авах, батлан даалтад авах тоот авах, хязгаарлалтын тоотууд авах төлбөрт мөнгө өгнө” гэх зэргээр ярих, мессеж бичих хэлбэрээр 17 удаагийн үйлдлээр нийт 4.5 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Тэрээр “...би олон жил шоронд сууж байна. Ойр дотны ах дүү гэх хүмүүс болон эргэлт байдаггүй юм. Мөнгө төгрөгийн хэрэг болоод мөн олигтой ч хувцасгүй, болчихоод ер нь мөнгөтэй больё гэж бодоод 2012 оны яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна. 401-р ангийн эмнэлэгт хэвтэж байхдаа хүн амины хэрэгтэй гэх И гэх биеэрхүү өндөр залуутай хамт хэвтсэн юм. Тухайн үед би нууц утастай байсан бөгөөд миний утсаар И ахтайгаа ярьдаг байсан. Ингээд эмнэлэгээсээ гараад Мааньтын шоронд очоод И-ийн ахын утас миний утсан дээр хадгалагдаад үлдсэн байсан учир худлаа ярьж ахаас нь мөнгө авъя гэж бодоод өөрийнхөө дугаараас өөрийгөө Дээд шүүхийн шүүгч Нямжав байна гэж худлаа танилцуулаад дүүгийн чинь хэргийг хянаж байгаа, Өршөөлийн хуулинд оруулж өгнө гээд тоотын төлбөр, хохиролын үлдэгдэл, шинжээчийн дүгнэлт гаргуулах, батлан даалтын барьцаа гэх мэтээр худлаа хэлээд 10-аад удаагийн үйлдлээр аль тааралдсан утсаараа ахтай нь ярьж итгэлийг нь олж аваад нийтдээ 4 сая гаран төгрөг хамт хоригдож байсан ялтнуудын ар гэрийн банкны дансаар авч авчруулаад энэ мөнгөөрөө хоол унд, хувцас хунар авч өмсөөд дуусгасан. Намайг ингэж ярьсаныг тухайн үед хэн ч мэдээгүй. Үүний дараа мөн 2014 оны 6-р сард Хорих 401-р ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа Н гэх ялтантай танилцахад хүний нүд сохолсон хэргээр шоронд орсон гэж байсан бөгөөд тухайн үед миний нууцаар барьж байсан гар утсаар Н нь эхнэртэйгээ яриад байсан, тэгэхэд нь би эхнэрийнх нь дугаарыг цээжилж аваад Мааньтын шоронд эргэж очоод утсаар эхнэртэй нь яриад өөрийгөө шүүгч, прокурор тэр байна гэж санаандаа орсон нэрийг хэлж яриад танай нөхрийг Өршөөлийн хуулинд хамруулна гэж худлаа хэлээд энэ байдлаар 10 гаруй удаагийн үйлдлээр 5 сая гаран төгрөг аваад хоол унд, хувцас хунар аваад дуусгасан. Би дээрхи хоёр хүнтэй нүүр тулж огт уулзаж үзээгүй, харин утсаар ярьж данс өгөөд мөнгө авдаг байсан, данс ажиллуулдаг ялтны дансаар мөнгөө аваад цөөхөн хэдэн төгрөг өгдөг байсан. Би тэр залилсан хүмүүсээс дээд тал нь 500 мянган төгрөг авдаг байсан. Тэр үед ялтнууд утастай байдаг байсан, таарсан утсаараа ярьдаг байсан болохоор утасны дугааруудыг болон банкны дансыг санахгүй байна” гэжээ. Харин хохирогч Ж.О нь “...2013 онд миний нөхөр Н хүний нүд цохисон хэргээр 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Ингээд нөхөр маань Эрдэнэтийн хорих ангид хуваарилагдсан ба биеийн байдлаасаа болоод Дамжингийн хорихын эмнэлэгт манай нөхөр хэвтэж байна гэж утаснаас ярьсан ба тэрнээс хойш би байнга нөхрөө эргэдэг байсан. 9417.....Н гэх хүний эхнэр мөн үү, 7 дугаар сарын 25-нд хэрэгжих Өршөөлийн хуулинд танай нөхөр багтлаа, өнөөдөр 16 цагт 300 мянган төгрөг 5086.......... дугаарын дансанд тушаа” гэхээр нь үнэхээр л тийм юм байх гэж итгээд өөрт байсан төгрөгийг дээрхи дансанд тушаагаад баримтаа авсан, тэгээд би утсаар ярих гэхээр “шүүх хуралтай байна, завгүй” гээд утсаар ярихгүй, байнга мессеж бичдэг байсан ба мөнгө нэхэх болохоороо өөрөө залгаад “яаралтай дансанд мөнгө хий, танай нөхөр хэдэн хүний дараа хурлаар орох гээд байна” гэдэг, би түүнд нь итгээд мөнгийг явуулдаг байсан. Дээрх байдлаар энэ хүн “прокурор, шүүгч байна” гээд 15 удаагийн үйлдлээр нийтдээ 5.3 сая төгрөгийг авсан” гэжээ.
