Аудитын 20 жилийн ойн баяраар Дундговийн аудитынхан даргаа “боож савсан” хэргээс…
Нийтэлсэн: 2016-01-26 01:25:31
Өнгөрсөн зун төрийн хяналтын байгууллагын 20 жилийн ой ус ургамал тэгширч айраг цагаа бялхсан Булганд аймагт 7-р сарын 17-20-ны хооронд болж бүх аймгийн аудитынхан ирсэн. Баярын арга хэмжээнд оролцсон Дундговь аймгийн аудитын хэлтсийнхэн буцахдаа Өвөрхангайн Хархорин, Хөшөө цайдам, Өгий нуурт хоёр хоног амарсан шиг амарч зугаалсан шиг зугаалжээ. Тэндээсээ Хустайн нуруугаар ороод аймаг буцах үед энэ хэргийн эхлэл дэгдсэн гэнэ. Аудитын хэлсийн дарга Б.Долгорсүрэн албаны жийпээрээ жирийлгэсээр аймгийн төвд түрүүлэн ирсэн бол фургонтой ажилтнууд нь гурван цагийн дараа сая нэг юм орж ирсэнд дарга хатагтай хүлээлгэлээ хэмээн уурсжээ. Энэ тухай даргаа түлхэн унагаж утасны дэлгэцийг нь хагалсан хэрэгт буруутгагдсан, 2014 оны аймгийн аудиын тэргүүний ажилтнаар шалгарч байсан С.Чинбат нь “..Бид нарын машин халаад замдаа саатаад Б.Долгорсүрэн даргаас арай сүүлд ирсэн, бид нарыг ажлын гадаа ирэхэд дарга яасан нь мэдэгдэхгүй уурлаад Т.Батсайханыг маргааш ирэхдээ 9 цагт халагдах өргөдлөө бичиж ирээрэй гэсэн, Т.Батсайхан яасан гэж халагдах өргөдөл бичих юм гэж асууж байсан. Мөн дарга хүн бүрийг тэнэг юмнууд гэж загнаад та нарыг гурван цаг хүлээлээ гэж уурлаад хамаг бие нь салгалаад байсан. Би Б.Долгорсүрэн даргын хүзүүгээр нь тэврээд “та яах гэж ингэж байдаг юм, хол замыг сайхан яваад ирлээ” гэж хэлтэл “чи дут, дандаа хүний өмнүүр дуугарч байдаг” гээд гартаа байсан савтай усаараа миний нүүрлүү цохихоор нь арагш болсон дахиад далайхаар нь би гарыг нь хаагаад хажуу тийш нь зайлуултал замын хашлага дээр хальт гишгээд бүдрэхээр нь гараас нь барьж авсан боловч Б.Долгорсүрэн дарга баруун хажуугаараа унасан, би гараас нь татсан чигээрээ хажууд нь сөхрөөд унасан. Тэгсэн дарга “аллаа” гээд чанга хашгирсан. Энэ хооронд Ч.Бэрхсайхан Х.Гарам нар ирсэн. Ч.Бэрхсайханы хажуугаар миний хүзүүг самардсан, та хүзүү самардчихлаа шүү дээ гэтэл Б.Долгорсүрэнг дарга “намайг зодчихлоо, чи гэртээ эхнэрээ зоддог юм байгаа биз” гээд нүүр лүү алгадаад өшиглөөд өөдөөс дайраад байхаар нь би тойроод зугтаасан. Ахиад нэг удаа намайг өшиглөхөд нь бултаж зайлаад гарыг нь түлхсэн чинь дарга бөгсөөрөө газар унасан. Дарга “утасны дэлгэц хагалчихлаа” гээд машинд орж суугаад “цагдаа дуудлаа” гээд байсан. Би цагдаа дууд гэж хэлсэн. Би сүүлд нь утасны дэлгэцний мөнгө гээд 200 мянгыг өгсөн. Б.Долгорсүрэн даргыг харахад согтуу хүн шиг ааш гаргаж байсан. Бид нар ирэх замдаа “100-тын овоон” дээр гарч зогсоод нэг юм задлах гээд даргыг хүлээж байтал дарга зогсолгүй яваад өгсөн юм. Бид нар тэр архиа задалж овоонд өргөөд, нэг нэг амсаад архиа уулгүй аваад явсан.” гэжээ. Б.Долгорсүрэн дарга ажилтнуудаа тэнэг юмнууд гэж загнах, аялалаас ирэнгүүтээ ажлын бус газар халах шийдвэр гаргаж байгаа зэргээс үзэхэд нэлээд ууртай ширүүн зантай хатагтай аж. Гэхдээ тэрээр өөрийгөө уургүй гэсэн байх юм. “…Аймгийн Засаг даргын тамгын газрын гадаа авч явсан ачаагаа буулгах гэхэд манайхан ачаагаа буулгах дургүй байдалтай байсан. Зарим нь ачаагаа буулгаад зөөж байхад Т.Батсайхан, С.Чинбат 2 ачаа буулгахгүй машинд суугаад байсан. Би тэр хоёрыг ачаагаа буулга гэж хэлчихээд захиргаа руу өөрийнхөө өрөөндөө орж юм оруулчихаад гарч ирэхэд нөгөө хоёр чинь машинд сууж л байсан. Буугаад юмаа зөөгөөчээ гэхэд буухгүй байсан, Т.Батсайхан архи уугаад замдаа саатаад явсан болохоор нь “чи энэ хэдийг дандаа уруу татаж байдаг” гээд маргалдаад зогсож байтал С.Чинбат хажуунаас гичий энэ тэр гэж дуудаад хоёр удаа машины өмнө савж хүзүүгээр боож унагасан” гэжээ. Харин ажилтнуудаа муусайн тэнэг юмнууд гэж хэлсэн тухайд Т.Батсайхан, Гантуяа нар нь баталжээ. Ажлаасаа халагдах шахсан Т.Батсайхан “…дарга намайг өглөө 9 цагт халагдах өргөдлөө бичиж ирээрэй гэхээр нь би яасан гэж халагдах өргөдлөө бичих юм гэж асуухад архи уусан гэхээр нь архи уугаагүй шүү дээ даргаа гэж хэлсэн. Б.Долгорсүрэн дарга муусайн тэнэг юмнууд ачаагаа хурдан зөөгөөч гэсэн… дарга босч ирээд өшиглөөд савтал С.Чинбат эргээд цээж рүү нь түлхэхэд бөгсөөрөө суусан. Багалзуурдаад чирээд газар савсан юм бол байхгүй… Гэрт ороод байж байтал гаднаас Б.Долгорсүрэн дарга орж ирээд учир нь олдохгүй олон юм яриад байсан. Араас нь эгч нь орж ирээд айлд хэрүүл хийгээд орой болсон байхад гээд түүнийг аваад явсан” гэжээ. Аудитын 20 жилийг Дундговийн аудитынхан ингэж тэмдэглэжээ. Даргыгаа “боож савж унагасан” ажилтан нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн сая гаруй төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэнэ.
NUUTS.mn
