Монгол эмэгтэйтэй амьдрах гэсэн хятад эр 13 удаа хууль бусаар хил нэвтэрчээ
Нийтэлсэн: 2016-01-22 02:50:38
Вьетнам залуусд монгол хүүхнүүдийг татах ямар нэгэн “ид шид” байдаг бол монгол эмэгтэйчүүд хятад эрчүүдийг татах далд увьдастай аж. Чао Жун гэдэг хятад залуу 2004 оны 6-р сард Монголд барилга барихаар орж ирээд М гэдэг монгол хүүхэнтэй танилцан хамтран амьдарч байгаад 2008 онд албадан гаргагджээ. Монголоос хөөгдөөд Хятадын Хубэй мужид төрсөн сууриндаа ирээд утсаар ярьсаар монгол хүүхнээ авчирсан гэнэ. Гэтэл М нь нэг сар тэсээд би яагаад ч танай Хятадад амьдарч чадахгйү юм байна, чи Монголд яаж ийгээд ир тэгээд хамт амьдарья гэжээ. Ийнхүү хятад эрийн Монголд ирэх гэсэн “тэмцэл” эхэлжээ. Чао Жуныг визийн хугацаа хэтрүүлсэн хэмээн хил нэвтрэхийг хугацаагүйгээр хориглон хар тамга дарчихсан аж. Тэрээр нэрээ солин гадаад паспорт авах арга сэдэн Гуо Вэн Жун гэдэг нэртэй гадаад паспорт олж авчээ. Түүгээрээ 2008 онд Монголд нэвтрэн М-тэй гэрлээд бүр хүүхэдтэй, хашаа байшинтай болсон хойноо өнгөрсөн жил л илэрч баригджээ. Энэ хооронд хуурамч паспортоороо 13 удаа хилээр зорчсон байсан гэнэ. Тэрээр “...Би 2004 оны 6 дугаар сард даргатайгаа Монголд ирээд барилгын талбай дээр барилгын ажил хийж байсан. 2008 он хүртэл барилгын талбай дээр ажил хийж байтал тухайн үеийн гадаадын иргэн харьяатын албанаас хүн ирээд надтай хамт байсан хүмүүсийг барьж авч яваад албадан гаргасан. Эрээнд ирээд би Хубей дэх гэр рүүгээ явсан. Гэртээ 4-5 хоноод дүүтэйгээ хамт Бээжинд баригдаж буй барилгын талбай дээр ажилласан. Би эхнэр Б.М-тэйгээ анх 2003 онд танилцаад 2008 хүртэл амьдарсан. Хятад руу явсны дараа ч утсаар холбогдож түүнийг Хятад руу хүрээд ир, хамт амьдарья гэж хэлсэн. Эхнэр ирээд нэг сар орчим амьдарч байгаад би Хятад улсад амьдарч чадахгүй юм байна, хоёулаа Монголд очиж амьдарья гээд буцаад явсан. Би паспортоо хөөцөлдөхөөр болоод үлдсэн. Тэгтэл миний хойд аав 2005 онд миний төрсөн аавын өгсөн Чао Жун нэрийг Гуо Вэн Жун гэж өөрийн овгийг оруулаад өөрчилсөн байсан. Миний төрсөн аав Чао Жун Лун нь намайг 6 настай байхад нас барсан. Хойд эцэг минь Гуо Фүн Чин нэртэй юм. Би хойд эцгийн өгсөн нэрээр БНХАУ-ын Хебей хотын цагдаагийн газрын хилээр орж гарах хяналт захиргааны газраас гадаад паспорт аваад, 2009 оны 2 дугаар сарын үед Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр орж ирсэн. Монголд ирээд эхнэр Б.М-тэйгээ гэрлэлтээ батлуулж газар авч, байшин барьж одоо тэндээ хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр нэг хүүхэдтэй байсан. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гарсан. Тэр хүүхэд маань одоо 4 настай. Хөдөө барилга дээр ажиллаж байхад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас надтай утсаар холбогдож, Улаанбаатар хотод хүрээд ир, асууж тодруулах зүйл байна гээд очиход бариад авсан” гэжээ.
NUUTS.mn
