Ипотекийн зээлийн 8 хувь хавраас л 5 хувь болно
Нийтэлсэн: 2016-01-20 01:57:57
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хууль батлагдсанаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ноос хойш олгогдолгүй зогсоод байсан жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудад орон сууц зээлээр авах шалгуурт тэнцэж, материалаа бүрдүүлээд байсан иргэдийн 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг өнөөдрөөс олгож эхлэх юм. Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа урьдчилгаа төлбөрийн хэмжээ болон зээлийн хүүг хэзээ буурах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодруулахад “Ямартай ч инфляци буурсан. Гэхдээ шуудхан зээлийн хүүг бууруулж таван хувьд хүргэнэ гэж ойлгож болохгүй. Бидний төлөвлөж байгаагаар Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж асуудлыг шийдвэл энэ хавраас зээлийн хүүг таван хувь болгон бууруулах боломжтой. Сар шинийн баяр гэхэд эдгээр асуудпууд тодорхой болох байх. Эхний ээлжинд иргэд найман хувийн хүүтэй зээлийг авах боломжтой боллоо” гэсэн юм. Эрх баригч нам болоод Засгийн газар, Монголбанкнынхны тохиролцоо ёсоор бол ирэх дөрөвдүгээр сар гэхэд орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэх юм байна. Мөн бас нэгэн анхаарал татах асуудлын нэг болох найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг автоматаар таван хувьд шилжүүлэх талаарч мөн яригдаж эхэлжээ.
NUUTS.mn
