УЦУҮХ-д болсон БОНХАЖЯ-ны ажилтнуудын зодоон нэг нүдний “үнэд” хүрчээ
Нийтэлсэн: 2016-01-19 02:10:15
Төрийн байгууллагад урьдын адил ажилтнууд нь ажлын байран дээрээ архиддаг хэвээрээ л байна. Ардын намын Д.Оюунхоролыг БОНХАЖ-ын сайд байх үед өнгөрсөн хавар Ус цаг уурын үндэсний хүрээлэнгийн 203 тоот өрөөнд яамны ажилтан Ш.Э .нь Д.Ж-ын нүүр лүү өшиглөснөөс хохирогч нүдэндээ маш хүнд гэмтэл авсан. Тухайн үед яамны Чулуунбаатар,Билгүүн, хүрээлэнгийн хариуцлагатай жижүүр Амонжол, Болор нар байжээ. Эхлээд тэд хэрэг ажлын байранд гарсан гэдгийг нууя гэж тохирсон ч хохирогчийн нүд маш хүнд бэртсэн тул арга буюу хүрээлэнгийн 203 тоот өрөөнд архи ууж байхад болсон гэдгийг хүлээжээ. 4-р сар тул хуурайшилттай түймэртэй байсан гэнэ. “Найрамдал” гэдэг зоогийн газар ууцгаасан яамныхан түймрийн мэдээ авахаар оройн 23 цагийн үед Ус цаг уур орчны хүрээлэн лүү явцгаажээ. Замдаа дэлгүүрээс 0.75-ын “Сархад” архи, таван ширхэг элэгний нухаш талх зэрэг дарулгын хамт аваад оржээ. Монголын байгалийг гарын таван хуруу шигээ мэддэг яамны ажилтнуудын маргаан Хөвсгөлийн алдарт Улаан тайгийг хэн нь илүү мэдэх вэ гэдэг “асуулт хариулт”-ын тэмцээнээс эхэлжээ. Хохирогч нь Улаан тайгийг давсан гурван хүний нэг нь би гэсэн бол Хөвсгөлийн Эрэндаваа нь нутгийнхаа хайрханыг Хэнтийн нөхөрд алдахыг хүссэнгүй. Согтуу ажилтнуудын маргаан дорхноо зодоон болж эцэст нь нэг нь нүд рүүгээ өшиглүүлээд тэр дороо цус алдан сандаргажээ. Маргааш нь өшиглөсөн Э-г эхнэрийн хамт дагуулан эмнэлэгт үзүүлэхэд маш ноцтой гэмтсэн байжээ. Хохирогч энэ тухай “…Одоо ядрах үед толгой өвддөг, муурч унадаг болсон. Би газрын баримжаа алдаж байна. Унах, юм очиж мөргөх, цай авах гэхээр цайгаа түлхэж асгадаг, цай хийх гэхээр гадуур нь хийдэг болсон.Би энэ хэрэгт шүүгдэгчтэй хамт архи уусандаа л буруутай байх. Шүүгдэгч намайг 300 сая төгрөг нэхэмжилсэн гэж хэлж байна. Хүмүүс нэр төрд халдсан гэж энэ байтугай л мөнгө нэхдэг. Шүүгдэгчтэй уулзахад надад хохирлын төлбөр өгнө гэсэн хэрнээ бичлэг л хийдэг. Надтай бичлэг хийх л зорилготой уулздаг. Түүнээс биш мөнгө өгдөггүй. Шүүгдэгч хохирлын мөнгө өгнө гэж уулзаад та санамсаргүй байдлаар цохисон, буруу цохисон гэж хэл, үгүй бол өвдгийг маань мөргөсөн гэж хэл гэх мэт зүйл ярьдаг. Сүүлийн үед шүүгдэгч надад агсам тавьдаг болсон. Шүүгдэгч, өмгөөлөгчтөйгөө хамт агсам тавиад би 3 жилийн ял авна, гарч ирээд чамтай тооцоо хийнэ гэж хэлсэн. Миний гэр бүл, үр хүүхэд, хамаатан саданд маань ямар нэгэн зүйл болвол энэ хүний л хийсэн хэрэг гэж үзнэ. Өмгөөлөгч нь чамд 50 сая өгөхгүй чи хараарай гэж утсаар дарамталсан. Ийм зүйл ярьж байгаа хүмүүс гэмшиж байгаа юм уу. Манай хамт олон шүүгдэгч бид 2-ын зан чанарыг хэлнэ. Би хэзээ ч хүнд агсам тавихгүй, шүүгдэгч уух болгондоо агсам тавьдаг. Тухайн өдөр шараа тайлах гэж ажил дээр архи уусан. Тэрийгээ бусад руу чихэж байна. Шүүгдэгчийн ах нь ирээд хохирол төлбөрөө барагдуулна, мэдүүлгээ зөөлөн өгөөч, хашаа байшингаа өгнө гэж хэлж байсан. Би Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэсэн бөгөөд нийт 21 сая төгрөгний зардал гарснаа нэхэмжилж байна” гэжээ. Өмнө нь Хөвсгөлийн БОНХАЖГ-ын дарга нь ажилтандаа зодуулж байсан. Тухайн ажилтны ах нь яамны нэгэн том газрын даргаар ажилладаг гэнэ.
NUUTS.mn
