Бүх Японыг уйлуулсан хайрын гайхалтай түүх
Нийтэлсэн: 2016-01-07 05:50:02
Нэгэн хос 2007 онд гэрлэх өргөдлөө гаргажээ. Гэтэл хуримын товоос гурван сарын өмнө сүйт хархүү утасдан тодорхойгүй хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсжээ. Ингээд цаг хугацаа өнгөрч он жил урссаар 2014 болоход нөгөө залуу ахин утасдаж хуримын захиалгаа сэргээлгэхийг хүсжээ. Энэ бүх үйл явдлын бодит түүх дэлгэгдэхэд гайхалтай хайр нь бүх япончуудыг уйлуулсан гэнэ.
Хисаши Нишизава, Маи Накахара нар одоогоос 11 жилийн өмнө танилцжээ. Хайр сэтгэлтэй болсон тул 2007 онд гэрлэх өргөдлөө гаргаж 3-р сардаа хуримаа хийхээр товложээ. Гэтэл хуримаас гурван сарын өмнө Маигийн бие учир битүүлэг шалтгаанаар мууджээ. Бүсгүйн ой санамж муудаж шөнө нь ч унтаж чадахаа байжээ. Эмнэлэгт очсон хойноо улам муудан зүрх нь гэнэт зогсжээ. Эмч нар амийг нь аварч чадсан ч бүсгүй гүн комд оржээ. Хисаши арга бую хуримын ордон луу ярьж хугацааг нь хойшлуулахад хүрлээ.
Ингээд комоос гарахыг нь хүлээсэн он цаг эхэлжээ. Залуу ажлаасаа бусад бүх цагаар сүйт бүсгүйгээ сахиж гэнэ. Ухаангүй хэвтэх Маид иллэг хийж юм ярьж бас дуртай хөгжмийг нь сонсгоно. Таван сарын дараа л эмч нар оношийг нь тогтоож чаджээ. Маи өндгөвчний хорт хадрын улмаас уураг тархинд нь саатал эмгэг үүссэн байжээ. Хавдрыг дор нь авсан боловч бүсгүй комноосоо гарсангүй хоёр жил болов. Эцэст нь бүсгүйн ээж өдөр болгон ирэх залууд “одоо боллоо, чи өөр эмэгтэйтэй бол, бид чамд огтхон ч гомдохгүй” гэж хэлсэн ч Хисаши “би хүлээнэ, түүнийхээ инээмсэнгэхийг ахиж хармаар байна” хэмээн хариулжээ. Комд орсноос хойш хоёр жил зургаан сарын дараа Маи гэнэт ухаан орж нүдээ нээжээ. Гэсэн ч тэрээр хэнийг ч таньсангүй, юм хэлж гараа хөлөө ч хөдөлгөж чадсангүй. Ийм байдлаар ахин нэг жил болжээ. Гэсэн ч залуу сүйт бүсгүйгээ эргэсээр өдөр бүр ирсээр байжээ.
Гайхамшиг тохиолдохыг ахин гурван жил хүлээсэн агаад Хисаши иллэг хийж байхад бүсгүйн булчин гэнэт хөдөлсөн гэнэ. Булчин нь ахин хөдөлсний дараа Маигийн нүүрэнд сулхан инээмсэглэл тодрохыг залуу харжээ. Баярлаж цочирдсондоо би унах шахсан хэмээн Хисаши дараа нь ярьжээ. Тэрээр хайрт бүсгүйнхээ инээмсэглэхийг ахин харна гэсэн амлалтандаа ийнхүү хүрч чаджээ.
Ухаан орсоны дараа Маи маш хурдан тэнхэрч хуримынхаа өмнө хөл дээрээ босно гэсэн зорилт тавьсан гэнэ.
Ингээд 2007 онд хуримын захиалга өгснөөсөө хойш найман жилийн дараа буюу 2014 онд Хисаши Маи хоёр гэрлэж хуримаа хийжээ. Найман жил хэвтэрд түүнээс зургаан жилд нь комд байсан сүйт бүсгүйгээ хаяагүй, нэг ч өдөр орхиогүй, эдгээхийн төлөө хамаг байдгаа зориулсан Хисашид бүгд баяр хүргэжээ. Энэ түүх өнгөрсөн жил бүх Японыг цочроожээ. Залуу хосын гайхалтай хайрын түүхийн тухай ном гарсан агаад удахгүй кино хийхээр төлөвлөсөн гэнэ.
НУУЦ.мн