Машины ченж, нотариатын туслах, канончин гурвын залилангийн сүлжээ
Нийтэлсэн: 2016-01-06 02:20:45
Иргэн Д.Р-д С.Баярцэнгэл нь 10 сая төгрөгний өглөгтэй байжээ. Тэрээр машиныг засаж янзлаад зарж мөнгө болгож өгье гэхэд зөвшөөрч итгэмжлэл бичиж өгчээ. Гэсэн ч сэргэлэн эр итгэмжлэлд авагдсан иргэний үнэмлэхийх нь хуулбарын тамгыг арилгуулж гарын үсгийг нь дууриалгаж зураад зараад бусдад зарчихжээ. Энэ хэрэгт Баянзүрх дүүрэгт ажилладаг нотаритч Даваанямын туслах Ж.Наранбаяр, хувиараа канон зурагчин ажиллуулдаг Б.Сонинбилэг нар холбогджээ. Нотариатын туслах эзрх зүйч мэргэжилтэй тул хэргээ хүлээсэнгүй харин ч мөрдөн байцаагч, прокурор нарыг ажлаа буруу хийж байна хэмээн мэргэжлийн хүний хувьд буруушаасан гэнэ. Гэсэн ч машин зарахаар баримт бичгээ “янзлуулах” гээд очиход “чи наад Рэгзэдмаагийнхаа иргэний үнэмлэхийн канондсан хэсгийн нүүр царайг нь тодруулаад, тамгыг нь арилгуулаад ир” гэж хэлсэн хэмээн Баярцэнгэл нь мэдүүлжээ. Нотариатын туслах шүүхэд үгүйсгэсэн хариулт өгсөн ч мөрдөн байцаалтанд “... Би Баярцэнгэлийн авч ирээд надад үзүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар дээр дарагдсан байсан тамга тэмдгийг арилгуулах гээд өөрийн найз болох Сонинбилэг рүү явуулсан” гэж мэдүүлжээ. Харин канончин нь “... танихгүй бандгар залуу орж ирээд нэг эмэгтэй хүний иргэний цахим үнэмлэхийн тамгатай хайчилсан хувилбар гаргаж ирээд, тамгыг нь арилгаад өгөөч ээ гэхээр нь би чадахгүй гэхэд тэр намайг Наранбаяр явуулсан юм аа гэхээр нь Наранбаяр руу түүний 9975….дугаарын утас руу нь залгаад асуухад чи наад иргэний үнэмлэх дээр нь байгаа тамгыг арилгаад явуулчих гэхээр нь хуулбарын ар болон урд хэсгийн булан дээр дарсан байсан тамгыг нь фотошоп хэрэглээний программаар тамгыг нь арилгаад хэвлэж өгөөд 5000 төгрөг авсан” гэж мэдүүлжээ. Хохирогч эмэгтэй шүүхэд “….Манай нөхөр хэл амаа олъё гээд Баярцэнгэлийн аав ээжийнх нь гэрт очсон боловч хүнд хохирол учрууллаа гэж ухамсарлахгүй машин худлаа ярьж авч яваад хууль бусаар бичиг баримт бүрдүүлж зарсан байсан. Ийм залилан мэхлэх үйлдэл удаа дараа гарсан тул хуулийн байгууллагад хандсан. Энэ хүн хохирол барагдуулъя гэсэн сэтгэл байхгүй тул бүтэн жил хөөцөлдөж байна. Бид энэ хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, мөнгөний зардал их гарсан, гомдолтой байгаа. Баярцэнгэл нь бид нарт нэг ч удаа мөнгө барьж ирж байгаагүй. Мөн нотариатын байгууллагад гомдолтой байгаа. Нотариатч хуулийн дагуу ажилласан бол бид нар ийм байдалд орохгүй байсан. Тиймээс нотариатын байгууллагад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ. Бусдын машиныг хуурамч баримт ашиглан зарсан этгээд нь Баян-Өлгийн боомтоор хил гарах гэж байгаад баригдсан гэнэ.
NUUTS.mn
