Өнөөдөр Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр тохиож байна
Энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал тохиосон билээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болснийг түүхэнд тэмдэглэжээ.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргав. Монголчуудын бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бол 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны 5 дугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр суусан, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч юм. Биднийг өнөөгийн Түвдийн хувь заяа хүлээж болох байсан ч VIII Богд Жавзандамба хутагтын удирдлагаар Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглажээ. Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлага тулгарав. Тиймээс халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулж, түүнээс зүрх алдан айсан Сандо зугтан Оросын консулын газарт хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарчээ.
Олноо Өргөгдсөн Монгол улсын яам нь таван яамнаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж (Одоогийн гадаад хэргийн яам), Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн (Одоогийн батлан хамгаалах яам), Сангийн яам Түшээ гүнЧагдаржав (Одоогийн сангийн яам), Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд (Одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам) нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьжээ.
НУУЦ.мн