“Шунхлай”-н Х.Батхишигийн томилсон захирал МАН-д хандив өгчээ
“Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци” гэдэг ТББ өмнөх гүйцэтгэх захирал Д.Миегомботойгоо хоёр дах жилдээ хөрөнгө мөнгө нэхэн заргалдаж явна. Баахан мөнгөний хэрэгт холбогдсон гүйцэтгэх захирлыг “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг нь тус ТББ-ын тэргүүнээр сонгогдсоныхаа томилсон аж. Гэтэл тэр нь бужигнуулаад хаяжээ. Өнгөрөсн оны өвлийн сүүлээр Ассоциацийн удирдах зөвлөлөөс Д.Миеэгомбын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт тавих шийдвэрийг гаргажээ. Түүний дагуу гүйцэтгэх захирал, хуульч, менежерийн тухайн үед үйл ажиллагааг зогсоож зөвхөн санхүүгийн хяналтын баг ажиллаад доорхи хэргүүдийг илрүүлсэн гэнэ. Д.Миеэгомбо нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийнхээ албан бичгүүдийг устгасан, 2014 оны эхний хагас жилийн төсвийн баримт бичгүүдийг устгасан, эхний хагас жилийн төсвийн тайланг гаргаж өгөөгүй, ассоциацийн гишүүдийн хураамжаас их хэмжээний мөнгийг дутааж хувьдаа завшсан зэрэг үйлдлүүдийг хийсэн гэж Удирдах зөвлөл үзжээ. Үүнд 2013 оны 1-р сарын 15-ны өдөр гишүүдийн хураамжийн мөнгөнөөс МАН-ын Сан Хөмрөгийн хэлтэст нэг сая төгрөгний хандив өгсөн, иргэн Мөнхзулд тодорхой зорилгогүйгээр 900 мянган төгрөг өгсөн, ассоциацийн нэрээр сургалтын тусгай зөвшөөрөл гаргуулахад гурван сая төгрөг зарцуулна гэж тушаал гаргасан ч таван саяыг дансаар аваад 22 хоногийн дараа талыг нь буцааж хийсэн, П.Ариунболдтой “Зээлийн гэрээ” байгуулан 19,5 сая төгрөг авч зээлийн автомашин худалдан авахад зориулсан гэх боловч өмнө нь “Авто машин худалдах, худалдан авах” №13/516 гэрээг байгуулан “Land Cruiser 200 VX Diesel Lux” загварын автомашиныг аль хэдийн худалдан авч хувьдаа ашиглан, зогсоол, гражын мөнгийг гишүүдийн хураамжаар төлсөн зэргийг гаргаж тавьжээ. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй нь МАН-д өгсөн нэг сая төгрөгний хандив гэнэ. Энэ нь Ардын намд жижиг мөнгө байж болос ч ассоциацид том мөнгө аж. 2013 онд өгсөн хандив гэхээр тэр үед алдарт Т.Бадамжунай МАН-ын Сан хөмрөгийн хэлтсийн дарга байсан. Мөн гүйцэтгэх захирлыг томилсон “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци” ТББын тэргүүн нь “Шунхлай” компанийн гүйцэтгэх захирал Х.Батхишиг юм. Энэ компани АН-ын аугаа Г.Батхүүд харьяалагддаг атал ийнхүү Ардын намд хандив өргөсөн байсан гэнэ.
NUUTS.mn