Л.Пүрэвбаатар: Ерөнхий сайд надтай хариуцлага тооцохгүй
УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар тус нийгэмлэгийн Монголын талын хувьцааг Хятадуудад зарахаар хөөцөлдөж, байр сууриа илэрхийлж байна гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор тус нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн тэрээр энэ талаар тайлбарлахдаа “Өнөө өглөөнөөс гарсан мэдээлэл дээр ойлголтын зөрүү гарсан юм болов уу гэж бодож байна. Энд нэг бичиг баримт байна. Нэг талаас Зам тээврийн сайд А.Гансүх, нөгөө талаас Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимр Иванович Якунин нар гарын үсэг зурсан байгаа. Энэ баримтын нэр нь “УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” юм. Энэ хүрээнд Хятад,Орос, Монгол гурван улсын хамтарсан тээвэр, логистикийн компани байгуулах асуудал бий. Миний бие энэхүү гурван талт тээврийн компанийн нэг чухал оролцогч нь “УБТЗ” ХНН байх ёстой гэж үзэж байгаа. Энэ байр сууриа удаа дараа илэрхийлсэн” гэв. Мөн Л.Пүрэвсүрэн сайдын хариуцлага тооцох талаар албан бичигтээ дурьдсан байсан талаар хариуцлага тооцохоор боллоо гэхэд хаанаас, хэнээс вэ гэдгийг нь би мэдэхгүй байна гэсэн нь Ерөнхий сайд надад хариуцлага тооцох эрхгүй гэсэн утгатай байлаа.
-Гурван улсын хамтарсан транзит тээврийн компани гэж байгааг тодруулахгүй юу. Гурван улсын хамтарсан компанийн талаарх таны саналыг Л.Пүрэвсүрэн сайд буруу ойлгосон гэсэн үг үү?
-Ажил хийж буй бидний хооронд асуудлыг өөр, өөрөөр тайлбарлах, буруу ойлголцох тохиолдол байдаг. УБТЗ бол хоёр улсын хамтарсан байгууллага. Түрүүчийн миний ярьсан нь гурван улс гурвуулаа тодорхой хэмжээгээр хувьцааг нь эзэмших, тээвэр логистикийн компани юм. Тээвэр, логистикийн компанийг байгуулахад тээвэрлэгч гэдэг үндсэн үйлчилгээг нь бий болгохын тулд энэ хэлэлцээрээр хатуу тохирсон. Хэрвээ тохиролцоонд хүрээгүй тохиолдолд ОХУ-ын Худалдааны байгууллагын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхээр шийдүүлнэ гэсэн байгаа. Энэ хамтарсан компанийг байгуулахаар манай ГХЯ, ЗТЯ нэлээд яриа, хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ энэ хамтарсан компанийн нэг онцлог нь УБТЗ байх ёстой гэсэн миний байр суурь бий.
-1949 оны гэрээг өөрчлөх талаар хоёр улсын хооронд нэлээд зүйл яригдаж байсан ч таны санаачилгатай холбоотойгоор энэ асуудал зогссон гэж тайлбарлаж байгаа?
-Монголчуудын сэтгэл санааг зовоодог нэг асуудал нь 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулах. Шинээр баригдах төмөр замын эзэмшил ямар байх, төмөр замын нэгдмэл сүлжээтэй байх уу, эсвэл энд тэнд, салангид төмөр замтай байх уу гэдэг дээр Оросын тал анхааралтай ханддаг. Тийм учраас 50 хувийн эзэмшлийг өөрчлөх талаар Оросын тал хатуу байр суурьтай байдаг.
-Тэгэхээр Засгийн газрын төвшинд эндүүрэл явагдсан юм уу?
-Энэ Засгийн газрын төвшний андуурал биш. Хувь хэмжээг өөрчилье гэвэл Засгийн газар ОХУ-ын хамтарсан комиссоор шийдэгдэх ёстой. Хувь хэмжээг өөрчлөх талаар энэ ажилд тодорхой саад гарсан бол ажил хэргийн журмаараа надтай харилцаад явах боломжтой. УБТЗ ХНН-ийн хувьцааг хэн нэгэнд шилжүүлэх гэж байгаа бол тэрийг Л.Пүрэвбаатар биш манай ТУЗ шийднэ.
-Л.Пүрэвсүрэн сайд таньд хариуцлага тооцох талаар албан бичигтээ дурьдсан байсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар хариуцлагын асуудал яригдвал та хүлээж авах уу?
-Төмөр замын асуудлаар бол би 100 хувь хариуцлага хүлээхэд бэлэн. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа цалинг тавихгүй байх, осол, зөрчил гаргах, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн зэргээр хариуцлага хүлээнэ. Харин хувьцааны асуудлаар би хариуцлага хүлээх хүн биш. Надад хариуцлага тооцохоор боллоо гэхэд хаанаас, хэнээс вэ гэдгийг нь би мэдэхгүй байна.
НУУЦ.мн