“Терра Энержи”-гээс замын ажил авч өгнө хэмээн 100 сая төгрөгийг нь залилжээ
Нийтэлсэн: 2015-12-21 02:43:19
Монголд цагаан захтны хэргийг зөвхөн албан тушаалтнуудад хамааруулж ойлгодог. Гэтэл өдгөө албан тушаалгүй ч гэсэн “цагаан захтны” маягийн хэргийг хэн ч үйлдэж болдог болжээ. Хоёр хуульч, нэг их эмч мөн бизнесийн удирдлагын мэргэжилтэй дөрвөн дээд боловсролтон нийлэн “Терра Энержи” компаний уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл баригдах 49 км автозамын ажил авч өгнө хэмээн “КТК” компаний захирал С.Хонгороос 100 сая төгрөг авчээ. Энэ хэрэгт ЗТЯ-ны сайдаар ажиллаж байсан Очирхүүгийн дүү Олдох хүртэл холбогджээ. Д.Даваасүрэн, Г.Энхээ, О.Орхон, С.Энхбаяраас Г.Энхээ нь тухайн үед “Номин холдинг” компанид хэлдтсийн даргаар ажиллаж байсан агаад үндсэн ажиллагаа УИХд-ын долоодугаар давхард явагдсан гэнэ. 2013 оны зунаас эхэлсэн энэ хэргийг сөхөхөд “Терра Энержи” нь Австралийн хөрөнгө оруулалттай компани агаад гадаад захирал нь Рамез Сидхом, Жулян гэг нар байжээ. Монгол захирал байсан Т.Цогт нь нөгөө дөрвийг огт танихгүй гэсэн бол цаадуул нь очиж уулзсан гэж мэдүүлдэг. Хэрэг явдал Ц.Даваасүрэн нь тухайн үед “Хотын зам” компанид ажиллаж байсан Орхоноос замын ажил сурагласнаас эхэлжээ. Цаадахь нь асууж явсаар “Терра Энержи”-гийн төслийн менежер Батжаргалтай холбогдон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар дйруулан Шивээ хүрэнгийн боомт хүртэл тавих 98 км замын 49 км-ынх нь ажил байгааг мэдсэн гэнэ. Хөрөнгийг нь Австралийн тал гаргахаар болсон тухай ч дуулгажээ. Ийнхүү “Терра Энержи” компани нь гадаад хөрөнгө оруулалтаар зам тавих тендерийн ажил зарлагдсан гэх үлгэр эхэлжээ. Даваасүрэнгийн мэдүүлснээр тэд Батжаргалаар дамжуулан “Терра Энержи”-гийн ажилтан Жулянтай уулзсан агаад тэр нь замын ажил байгааг хэлсэн гэнэ. Ажил үүргийн хувьд Даваасүрэн нь ерөнхийд нь зохицуулах, Энхээ нь замын компаниудыг “сонгон шалгаруулах”, Орхон нь “Терра Энержи”-тэй холбогдох, харин Энхбаяр нь дараа нь өөрийнх нь мэдүүлснээр машинаар үйлчилэх үүрэг хүлээжээ. Дүрийн хувьд Даваасүрэн нь “Терра Энержи”-гийн хуулийн зөвлөх, Энхээ нь “Терра Энержи”-гийн тендер шалгаруулах үнэлгээний дарга болжээ. Энэ хэргийн хохирогч болох “КТК” компаний захирал Хонгортой анх дээрхи “албан тушаалаараа” танилцсан нь хожим залилсан гэх гол баримт нь болсон.
Замын тендерийн материалыг “Номин холдинг” дээр авчээ
Тухайн үед Энхээгийн УИХ дэх долоон давхрын офис нь замын барилгын команиудын захирлын хөлд дарагдаж байсан гэнэ. Бараг 30-40 хүн ирж “Терра Энержи”-гийн “тендерынхэнтэй” уулзжээ. "КТК" компаний захирал нь хөрш компаний Шинэхүүгээс тэрхүү тендерийн талаар анх сонссон гэнэ. Улмаар хоёр компани нэгдэж орохоор болж холбогдох бүхий л баримтуудыг бүрдүүлж хамтрагчдаа өгчээ. Удалгүй Шинэхүүд нь дэнчингийн 100 сая байршуулах хэрэгтэй гэснээр тэд мөнгөний эрэлд гарч Хонгор нь бас нэг хамтрагчаасаа 105 саяыг гурван сарын хугацаатай зээлжээ. Тэд мөнгөө барьсаар УИХД-ийн долоон давхарт буюу "Номин"-гийн офис дээр очоод Хонгор нь "Терра Энержи"-гийн үнэлгээний дарга Энхээ, хуулийн зөвлөх Даваасүрэн гэх хүмүүстэй танилцжээ. Хонгор нь 100 сая төгрөгийг шууд өгөхөөс түдгэлзэн "зээлийн гэрээ хийе эсвэл компаний тамга тэмдэгтэй кассын баримт өгчих" гэтэл Даваасүрэн " одоогийн байдлаар таван компани дэнчингээ тавьсан, зургаан компани уралдуулна, танайх байршуулахгүй гэвэл материалаа авч болно, энэ тендерээс хасагдана, гэхдээ танай бүрдүүлж өгсөн материал их сайн, сонгон шалгаруулалтанд ялах боломжтой юм байна лээ" гэж “түлхүүрджээ”. Ингээд зээлийн бус дэнчингийн гэх гэрээ байгуулаад мөнгөө өгчээ. Нөгөөдүүл нь 2013 оны 8-р сарын 30-ны өдөр гэхэд бүх асуудал шийдэгдэнэ, ялсан ч ялаагүй ч бай мөнгийг чинь буцааж өгнө гэж “амласан” гэнэ. Хуурамч “терра”-гийнханд зарим компаниуд ажлаа бүтээлгэчихээд дараа нь урамшууллаа өгдөггүй гэж анхааруулсан тул дэнчин нэрээр 100 саяыг урьдчилан авахаар шийдсэн гэнэ. “КТК” компаниас мөнгө авсны дараа тэр дөрөв тэртэй тэргүй ажил бүтээд урамшуулал авах тул гээд өнөөх 100 саяас нь хэрэглээд эхэлжээ. Тус бүрдээ 10 саяыг аваад 40 саяыг нь “хөрсний шинжилгээ” гэгч зүйлд зарцуулсан гэнэ. Мөн “КТК” компаний материалыг жинхэнэ “Терра Энержи” компаний Рамез Сидхомд аваачиж өгөөд хөөцөлдөх ажлыг нь Орхонд даалгажээ. Түүнд өнөөх Батжаргал нь туслана гэдэг байснаа сүүлдээ утсаа ч авахгүй алга болсон гэнэ. “КТК”-ны захирал том ажил авна гээд хүлээж суутал уг ажлыг нь “Эрдэнэзам” гэдэг компани авсан тухай баттай мэдээлэл сонсоод яаралтай асуужээ. Нөгөө дөрөв Рамез Сидхомтойгоо холбогдоход “бид мэдэхгүй монгол талын захирлууд шалгаруулаад шийдчихсэн” гэснээр ажиллагаа нь бүрэн нурсан нь тодорхой болжээ. “КТК”-гийн захирлын мөнгийг үрчихсэн тул буцааж өгнө хэмээн элдэв шалтаг тоочин нэлээд явсан гэнээ. Эцэст нь Хонгор нь Даваасүрэнтэй гудамжинд халз таарахад тэрээр “би хуульч хүн, надаас мөнгөө авч чадахгүй, анхнаасаа яах гэж өгсөн юм бэ" гэж басамжилахад нь шууд цагдаад хандснаар энэ хэрэг илэрчээ. Хэрэг шалгагдаж эхлэхэд Энхээ нь 20, Орхон нь зургаан саяа буцаан өгсөн гэнэ. Даваасүрэн нь 40 саяыг авснаа хүлээжээ.
Сайд асан Очирхүүгийн дүү 20 саяыг авсан гэнэ
Энэ хэрэгт бас нэгэн хүн оролцсон нь Энхээгийн танил Олдох гэгч агаад өмнө нь ЗТЯ-ны сайд байсан Очирхүүгийн дүү гэнэ. “...Тэр яаман дээр гацсан байгаа гэрээ хэлцлийг яаралтай гаргуулж өгнө гээд 20 сая төгрөг авсан байдаг. Энэ асуудлыг тодруулж өгөөч гэж би мөрдөн байцаалтанд санал гаргаж байсан. Гэтэл Олдох мэдүүлэхдээ өвчний учир эмчилгээнд зориулж 20 саяыг зээлсэн гэсэн байсан. Тэр үед түүнд ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлага байгаагүй гэдгийг мэдэж байна, яриад байгаа хагалгаа нь сүүлд 2015 оны эхээр үүссэн асуудал байдаг” гэж Г.Энхээ шүүхэд мэдүүлжээ. Ц.Даваасүрэн ч “...үлдэх мөнгөнөөс Олдох гэдэг хүн Энхээ бид хоёртой Их дэлгүүрийн үүдэнд уулзаад ЗТЯ-нд удаашраад байгаа бичиг баримтыг бүтээж, хурдан гаргуулах талаас нь хөөцөлдөж өгье гээд 20 сая төгрөгийг тоолоод авсан. Гэтэл тэр гэрчээр мэдүүлэхдээ намайг танихгүй, эмчилгээний мөнгө зээлсэн гэж худлаа ярьсан” гэж мэдүүлжээ.
НУУЦ.мн
