“Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийг нураах шийдвэр гаргажээ
Нийтэлсэн: 2015-12-18 02:07:25
Хүүхдийн урлан бүтээх төвийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, зарагдсан мөнгийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. Тэгвэл саяхан болсон НИТХ-аар “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийг нураах шийдвэр гаргасан байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж мэдээллэсэн юм. Нураах шийдвэр нь “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн барилгын чанар муу, нурах аюултай гэх дүгнэлтийг үндэслэн гаргасан гэнэ. Тодруулбал, энэ барилгад Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч А.Мягмаржав “Гол хэсгийн шатны эргэн тойронд гарсан хагарал нь барилгын тухай Монгол Улсын хуулийн 8.1-1-н “хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй хэмжээнд хүрсэн. Уг барилгад гарсан бүлэг хагарал нь газар хөдлөлт, доргилт, буурь хөрсний суулт зэрэг механик болон динамикийн хүчтэй үйлчлэлээр нурах аюултай тул барилга ашиглалтыг зогсоох нь зүйтэй” гэсэн 2007 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн №07/394 / 01 тоот дүгнэлт гаргаж байжээ. Энэ дүгнэлт нь үндсэндээ “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн барилгыг хувьчилж, нураах гол шалтаг болжээ. Дээрх асуудлыг Нийслэлийн өмчийн газрын Бүртгэл тооцооны мэргэжилтэн О.Уранчимэг хариуцаж буй юм байна. Түүнээс “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийг нураах шийдвэр гаргасан талаар утсаар тодруулахад, “Хувьчлаагүй. Би яаж мэддэг юм бэ. Ер нь та нарт ямар хамаатай юм” хэмээн уцаарлаж, утсаа таслав. Өнөөдөр нийслэлд хүүхдэд зориулан ямар ч төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага нь Ардын багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төв. Энд өдгөө нийслэлийн дүүргүүдийн 121 ерөнхий боловсролын 2-12 дугаар 1000 гаруй сурагч хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөртөө, ирээдүйдээ хэрэгтэй зүйлсийг сурч мэдэж байна. Тус төвийн сурагчид, тэдний эцэг эхчүүд өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэж, жагсаал хийж байсан. Тэднийг ийнхүү эсэргүүцлийн жагсаал хийж байх хооронд Нийслэлийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийг хувьчлахыг эсэргүүцсэн Эцэг эхийн зөвлөлийн гишүүн М.Лхамдорж “Урлан бүтээх төвийг нураах шийдвэр гаргасан гэж сонссон. Гэхдээ итгээгүй. Барилгыг хувьчлахыг ард түмэн бид эсэргүүцсэн учраас, барилгыг нураах шийдвэр гаргасан байх. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Бүх шатны хуулийн байгууллагуудад хандана. Өнөөдөр хүүхдээс мөнгө нэхэлгүйгээр, ашиг хонжоо харалгүйгээр үйл тэдэнд зааж сургаж байгаа ганцхан газар нь Хүүхдийн урлан бүтээх төв байна. Үүнийг хувьчилна гэж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж буй явдал. Бид хүүхдийнхээ эрхийг амгаалахын төлөө явна” гэлээ. Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь анх 1988 оны есдүгээр сарын нэгэнд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулсаар 1993 онд Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нэртэй болсон. Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай болгож, тодорхой түвшний мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг соёлын өв уламжлал, шинжлэх ухаан техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзлэл, чадвартай болгох зорилготой аж.
Тус төвд анхан шат, хүүхэлдэй бэлэг дурсгал, уран сийлбэр, сүрлэн наамал, уран зураг, шүрэн урлал, уран хайчилбар, сүрлэн сүлжмэл, уран баримал, арьсан урлал, авто загвар, нисэх загвар, сүрлэн урлал, хувцас дизайн, электроник зэрэг 16 төрлийн 23 дугуйланд ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 1415 хүүхэд тогтмол, үнэ төлбөргүй суралцаж байгааг уг төвийн багш хэлсэн. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, байгууламж тийм ч их муудаж, дор ороогүй. Хамтын ажиллагаатай байдаг дипломат харилцаатай улс орнуудын элчин сайдын яаманд барилгын засвартай холбоотой төсөл өгч шийдвэрлүүлэх хэмжээнд явж байгаа аж. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс, соёлын хөтөлбөр”-т төвийн барилгын хадгалалт, насжилтыг тогтвортой байлгах үүднээс дээврийн завсарыг 150 сая төгрөгийн боломжит нөхцлийн төсөлд хамрагдахаар тус улсын элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсээр дамжуулан Япоын Засгийн газарт материалаа хүлээлгэн өгөөд байна. Мөн Франц улсын улсын элчин сайдын яаманд “Урлаг” танхимын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг солих, шинээр хүүхэлдэйн жүжгийн анги нээж болох тухай тусгасан нийт 200 сая төгрөгийн өртөгтэй төслийг дэмжүүлэхээр хүлээлгэн өгөөд байгааг тус төвийн багш ярилаа.
Энэ онд зохион байгуулсан Монгол-Япон, Монгол-Франц, Монгол-Энэтхэг, Монгол-Солонгос дөрвөн орны элчин сайдын нэрэмжит, тус орны элчин сайдын яамны дэмжлэг, шууд туслалцаатай зохион байгуулагдсан уран зургийн болон гар урлалын уралдаанд Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагчид амжилттай оролцжээ. Энэхүү төвийг хувьчлах гэж үзээд, дийлэхгүй болохоор барилгыг нураах гэж байгаа нь эртнээс бэлдсэн, зохион байгуулалттай ажил гэж хардаж буйгаа ч эх сурвалж болон эцэг эхийн зөвлөл нуугаагүй юм.
NUUTS.mn
