“Голомт” нь “АД Монгол”-д аккредитив нээн “Иточу”-д 1.7 тэрбум иень шилжүүлж байжээ
Нийтэлсэн: 2015-12-16 02:59:58
АН засаг барьж байх үед “Голомт” банкинд хагарал гарч улмаар санхүүгийн чадвар нь доройтсон, энэ нь гүйцэтгэх захирал асан Д.Баясгалантхй холбоотой тухай судлаач Д.Ганхуяг шуугиант нийтлэл цацсан. Тэрээр Японы уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Иточу Корпораци 2007, 2008 онд монголын “Голомт” банкинд аккредетивээр 43 сая $-ын зээл олгосон ба түүнийгээ нэхэж “Голомт” банкыг шүүхэд өгснөөс Абу Даби “Голомт” хоёр муудалцаж маргах болсон аж. “Голомт”-д алт олборлогч Алтан Дорнод монгол гэх нэг том захиалагч байсан юм. Тэр нь японоос тоног төхөөрөмж авдаг. Ингэхлээр “Голомт” Иточу-д үйлчлэх ёстой байсан аж. Асуудал мөнөөх “алдар цуут” Сергей Паушок руу хүрч ирж байна. Харин энийг яривал тун ч их юм сөхөж болох л доо…” гэсэн. Үнэхээр алдарт С.Паушокийн үед Голомт банк нь 2007 оны 7-р сарын 5-нд 295.168.499 иен, 426.683.592 иен, 335.393.651 иен, 403.804.565 иен, 321.309.956 иен буюу нийт 1.7 тэрбум иений аккредитивийг “Алтандорнод Монгол”-ийн хүсэлтээр нээжээ. Уг аккредитив нь баталгаагүй буцаан дуудах эх үүсвэргүй байсан. Гэрээ ёсоор банк нь “Алтандорнод Монгол” ХХК-нд 1.7 тэрбум иенийн дүнтэй 5 аккредитивийг Япон улсын “Токио Мицубиши” банкаар дамжуулан “Иточу” корпорацид нээх, төлбөр хариуцагч нь аккредитивийн дүнгийн 1.5 % иений шимтгэлийг нэг удаа төлж аккредитивийн нөхцөлд заагдсан барааны төлбөр гүйцэтгэх өдрөөс 3 хоногийн өмнө төлбөрийн эх үүсвэрийг банкин дахь аккредитивийн эх үүсвэрийн дансанд төвлөрүүлэх, гэрээний 2.5-д заасан хугацаанд төвлөрүүлээгүй тохиолдолд хоногийн 0.06 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцжээ. С.Паушок нь гэрээний баталгаанд 704 а, 296 а, 005а, 4412а, 181а, 200а, 323а, 447а, 782а, 3803а, 4839а, 5092а, 10431а, 12004а, 6922х дугаартай ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүд, уул уурхайн зориулалттай 39 ширхэг машин механизм, СХД-ийн нутаг Рашаантанд нэгж талбарын 798/0017 дугаартай газарт байрлалтай нефть боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай 13 ширхэг дуусаагүй барилга байгууламжууд, ажилчдын тосгоны 42 ширхэг дуусаагүй барилга, мөн дүүрэг дэх 690000 мкв, 120000 мкв газрын гэрчилгээг тус тус тавьжээ. Хэлцлийн аккредитив нээгч банкаар Голомт, аккредитив нээлгэгчээр “Алтандорнод Монгол”, төлбөр хүлээн авагчаар “Иточу” оролцсон аж. “Голомт” нь дээрх аккредитивуудыг нээсэн тухай мэдэгдлийг “Токио Мицубиши” банк руу свит сүлжээгээр мэдэгджээ. Гэтэл “Иточу” нь “Алтандорнод Монгол” болон “Востокнефтгаз” компаниудтай хийсэн гэрээтэй холбоотой маргааныг Япон улсын худалдааны Арбитрын холбоонд гаргажээ. Арбитрын холбоо нь Иточу корпорацийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцээд бэлтгэн нийлүүлэгчдийн нэг болох ОХУ-д байршилтай ч Виржинийн арлуудад бүртгэлтэй “МОПС-Бизнес ЛТД” компани нь нийлүүлэх байсан барааг огт хүргүүлээгүй, бодит бус хэлцлүүдээр ямар ч бараа хүргүүлээгүй боловч тодорхой төлбөр авчихсан, мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг илэрхийлсэн хүсэл зориг нь хуурамч байсан гэж тогтоожээ. Ийнхүү Япон улсын худалдааны Арбитрын холбоо нь 8.4 тэрбум иений үнийн дүн бүхий 19 гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч хэлцэл болохыг тогтоосон шийдвэр гарчээ. Тэгвэл тэрхүү 19 гэрээнд нь Голомт банкны “Алтандорнод Монгол”-той байгуулсан дээрхи таван гэрээний 2.1 тэрбум иенийн гүйлгээ нь бүхэлдээ хамрагдан орсон байжээ. Гэтэл Голомт нь 2008 оны 8-р сарын 15-ны өдөр таван аккредитивийн нийт төлбөрт 1.782.360.263.000 иенийг “Токио Мицубиши” банкаар дамжуулан “Иточу” корпорацид аль хэдийн шилжүүлчихсэн байсан гэнэ. Ингээд Паушокын тавьсан барьцааны баахан лиценз, машинтай л үлдсэн. Үүнийг судлаач Д.Ганхуяг “…Голомт Алтан Дорнод Компанийн нэр дээр Иточу-д нийт 5,23 тэрбум иен буюу 65,4 сая ам.доллартай тэнцэх 76 тэрбум төгрөгийн 23 ширхэг үл сэргээгдэх аккредитив нээж олгожээ. Энэ үед дээрх аккредитивийн нийт дүн “Голомт”-ын үндсэн хөрөнгөөс 1,7 дахин их байсан бөгөөд хуулинд заасан тус банкны зээл олгох хязгаар болох 8.8 тэрбум төгрөгийн хэмжээнээс 8 дахин давсан байв. Түүнчлэн эдгээр аккредитивыг банкны тооцооны бүртгэлд зохих ёсоор оруулаагүй буюу холбогдох эрх бүхий хүмүүст мэдэгдээгүй байжээ.” хэмээн тайлбарласан.
НУУЦ.мн
