Б.Ханбаатард хүчирхийлүүлсэн эмэгтэйн ар гэр туслалцаа хүсчээ
Нийтэлсэн: 2015-12-15 02:42:12
Өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэртхийлгэсэн жигшүүрт хэрэг гарсан. Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож хүчирхийлсэн. Охин өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа ч бие нь дээрдэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Харин хэрэгт буруутгагдаад буй Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байгаа. Хэрэг гараад олон сар өнгөрсөн ч хохирогч охины талаар ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй бөгөөд зарим хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлсээр өдийг хүрлээ. Харин түүний ээж В.Бадамсүрэн болсон хэргийн талаар хэвлэлд хандаж эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсчээ :
-Өнөөдрийн байдлаар эмчилгээнд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?
-Зөвхөн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг зарцуулсан. Бусад нэмэлт зардлаа тооцвол жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Мөнгөгүй учраас бусдаас зээл авч, урд хормойгоороо нөхсөөр одоо ч санхүүгийн байдал асар хүнд байдалд байна.
-Б.Ханбаатарын зүгээс ямар нэгэн тусламж үзүүлээгүй юу?
-Ар гэрийнхэнээс нь туслалцаа үзүүлэхийг хүссэн ч ямар ч арга хэмжээ, тусламж үзүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Дөрвөн удаа уулзсан. Тэгэхдээ бүгдэнд нь манай талаас утсаар залгаж уулзах хүсэлт гаргасан. Нөгөө талаас нэг ч удаа өөрсдөө залгаж яриагүй. Эмчилгээний зардал мөнгөнд юу ч нэмэрлээгүй шүү дээ. Арга буюу бид элэг нэгт монголчуудаасаа сэтгэлийн буянаа хайрлахыг хүсч явна.
-УИХ-ын эмэгтэй гишүүд туслаж байгаа юу. Уг нь анхаарал хандуулна гэж байсан?
-Энэхүү аймшигт хэрэг гарсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд эмнэлэгт ирж биечлэн уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Тиймээс охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарт баярласнаа илэрхийлж байна. Мөн ГССҮТ-ийн эмч н.Гантулга, УНТЭ-н эмч н.Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандан “Энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон. Дахин хэчнээн аав, ээжийн хүү, охид гэмт халдлага, хүчирхийлэлд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргагүй. Ийм эрсдэл бодитой байгаад анхаарч өгнө үү. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэт хохироод үлддэг жишиг бий болох вий хэмээн эмзэглэж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Тэгээд бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл дахин хэний ч гэр бүлд бүү тохиогоосой гэж би хүсч байна” гэж хэлмээр байна. Миний охин эргээд ажиллаж хөдөлмөрлөх чадвартай болохоороо бусдын л адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх, тэр сайхан мөч ирээсэй гэж туйлын их хүсч байгааг олон түмэн минь ойлгон хүлээн авна биз. Та бүхнээсээ дахин хүсэхэд хүний тус багаддаггүй гэдэг шиг бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Тэрбээр охинд нь туслахыг хүссэн хүн бүхэн дараах хандивын дансаар сэтгэлийн дэм өргөхийг хүслээ.
Хандивын данс хаан банк: 5030496142 В. Бадамсүрэн ээж
Төрийн банк: 311000089875 В. Бадамсүрэн ээж
Холбоо барих утас: 94444212, 88191432, 89764443
