”Мунзуй” Г.Нямдорж ирэх сонгуулиар Дорнодод сөрөг сурталчилгаа хийнэ
Н.Номтойбаярын “Мунзуй” гэх Г.Нямдоржтой хийж байгаа тулаанаас хамгийн их айж байгаа зүэл энэ юм. Бууж өгдөггүй зөрүүд эрийг ирэх жил тойрог нь болох Дорнод аймагт сонгуулийн үеэр сөрөг сурталчилгаа хийх вий гэдгээс л айж байгаа гэнэ. Харин тэр хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдлийг нь нэг их тоохгүй байна. Уг өргөдөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхай зэрэг бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын алба шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн өгүүлсэн аж. Мөн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ нь гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсэж байна хэмээжээ. Г.Нямдорж 22 үндэслэл бүхий баримтаа бүгдийг нь гэрчтэй төдийгүй зарим зүйл дээр миний бие гэрчээр оролцох болно гэдгээ ч дурдсан гэнэ. “Мунзуй” хочит Г.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2013 оны есдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны хойно байрладаг “Le Triskell” хэмээх франц хоолны газар бие бие рүүгээ хутга барьж дайран, бусдын биед гэмтэл учруулсан гэх хэрэг дэгдэж, нийгэмд дуулиан тарьж байсан билээ. Иргэн Г.Нямдорж өргөдөлдөө “Н.Номтойбаяр ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулаад, үүндээ 600 сая төгрөг өгсөн. Мөн Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн. 2011 онд Эрүүгийн цагдаагийн газарт 12 сая төгрөг өгсөн” гэх зэргээр бичсэн аж. Аливаа хэрэг хуучирдаггүй гэгчээр хууль хяналтын байгууллагынхан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн бичсэн өргөдлөөс “но”-той, ноцтой гэж үзсэн асуудлыг шалгавал хуудуутай зүйл гарч ирэх нь дамжиггүй боллоо. Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз байсан гэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарын тулааны жинхэнэ оргил хэсэг ирэх жилийн сонгуулиар Дорнод аймагт болох нь тодорхой болжээ.
НУУЦ.мн