Н.Энхбаяр засагт орвол АН-д ямар ашигтай вэ ?
Маш их ашигтай. Ашигтай болоод л АН Ерөнхий сайдынхаа нүүрийг улалзуулан шадар сайдын суудлыг өргөн барьсан. Хэрэв МАХН-ын дарга засагт орвол Шийдлийн замгийн газрын тогтвортой байдал долларын ханш, шатахууны үнээс ч илүү тогтвортой болно. МАХН-аас засгийн тогтвортой байдлыг дэмжих байр суурь дэмжлэг шууд өснө. Н.Энхбаяр байгаа цагт “Шударга ёс” эвслээс хэн ч засгаар оролдож чадахгүй. Бүр ганц нэг сайдыг огцруулахаар ноолдог байсан О.Баасанхүү, Г.Уянга нар амаа төдийгүй гараа хумхина. О.Баасанхүүү хамгийн түрүүнд С.Баярцогтыг тайван орхих бол Г.Уянга Ч.Сайханбилэгийг идэвхигүй шүүмжлэгч хийж явсаар сонгууль хүргэнэ. Түүнээс гадна Н.Энхбаяр шадар болсоноор МАХН-ын хүч чадал эрс нэмэгдэнэ. Энэ нь намын нэр хүнд санхүү, байр суурь гээд бүхий л талыг хамрана. “Үхэхээс бусдыг үзсэн хөгшин арслан”” гэдэг шиг энэ богино хугацаанд намаа хэрхэн хүчирхэгжүүлэхийг Н.Энхбаяр хэнээс ч илүү мэднэ, хэнээс ч мундаг хийнэ. Тэрээр зангараг жингээрээ арван Л.Эрхэмбаяр, хорин Ж.Мөнхбатын хийх ажлыг ганцаараа нугалж чадна. Ийнхүү ирэх сонгуулиар улам бүр хүчирхэгжсэн МАХН тэр хэмжээгээрээ Ардын намын саналыг ахин хумсалж таараа. Түүнээс гадна МАХН-ын дарга шадар сайд болсноор МАН-тай ойртож байгаа зааг нь улам холдоно. Дарга нь засагт орж хүч чадлаа мэдэрсэн МАХН одоо дээрээс доошоо харж ярих бол Ардын намынхан тонголзохоос өөр аргагүй болно. Дээр нь УИХ, Засгийн газрын байнгийн зөрчлөөс болж энэ хоёр намын зөрөлдөөн улам ч нэмэгдэх магадлалтай. Ингэснээр МАХН МАН хоёр сонгуулиас өмнө нэгдэж чадахгүй тул АН-д ашигтай тусна. Н.Энхбаяр засагт орсоноор яваандаа хамгийн “муу муухай хүний” цол С.Баярцогтоос түүн лүү шилжинэ. Ийм ажиллагааг АН сэм явуулна. Ингэснээр олон нийтийн бухимдал, хараал зүхэлд дарагдсан нуруу нь бага ч гэсэн тэнийх биз. Хэрвээ үүнийг улам дэвэргэж чадвал сонгуулийн өмнө бүх зүйл Н.Энхбаяраас болсон гээд бултах “дотор ухаан” АН-д бий.
NUUTS.mn