Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчид “Элит” караокед зодолджээ
Нийтэлсэн: 2015-12-11 01:01:48
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ИТХ нь 31 төлөөлөгчтөйгээс АН 23, МАН зургаа, МАХН хоёр төлөөлөлтэй аж. Үүнээс харахад АН илт давамгайлдаг аж. Сүүлийн үед Засгийн газраас эхлүүлсэн хөдөө хээр хуралдах моод ИТХ-үүдэд халджээ. Хээр гадаа хуралдах нь ард түмний төлөөлөл нараас ихээхэн тэсвэр хатуужил зориг зүрх шаарддаг тул тэмдэглэх ёстой гэнэ. Даланзадгад сумын ИТХ зун нь баруун ууландаа нэг хуралдсан. Ууланд өдөржин хуралдаад орой харуй бүрий болж байхад эргэж иржээ. Ингээд ууланд хуралдсанаа тэмдэглэхээр болж ИТХ-ын төлөөлөгчид нь сумандаа л элит хүмүүс тул зиндаагаа гайхуулж “Элит” караокед орж зад дуулж архиджээ. Ид наргиж байтал сумын 5-р багийн Засаг дарга бурхан болсон тухай мэдээ ирж ууж согтуурхсан төлөөлөгчид гашуудах юм болжээ. Үүнээс болсон зодоонд хамрын зүүн мөгөөрсөө цөмлүүлж зүүн хөмсгөө сэтлүүлсэн төлөөлөгч Р.Бөхбат нь дараа нь “тэгэхэд ИТХ-ын дарга Улам-Өрнөх, нарийн бичгийн дарга Хишигсүрэн,7-р багийн Засаг дарга Эрдэнэдорж болон бусад төлөлөгчид байсан, Энхсолонго талийгаач нас барсан тухай хэлсэн” гэжээ. Нэлээд согтоцгоосон ИТХ-ынхан бүгд босож гашууджээ. Зарим нэг нь уйлж. Төлөөлөгч Бэхбат ч бас уйлсан гэнэ. Гашуудаж дуусаад хундагтайгаа уухаар тулгаад явж байтал А.Отгончулуун гэдэг төлөөлөгч “чи битгий жүжиглээд бай” гээд Бөхбатын зүүн нүдэн тушаа нь буулгаад авчээ. Бөөн бужигнаан болж сандал ширээ, архи дарс унаж хагарчээ. “Миний нүднээс гал бутраад л явчих шиг болсон” гэж цохиулсан төлөөлөгч дараа нь ярьж явж. Маш хүчтэй цохьсон тул хамраас нь цус сад тавьжээ. Ширээн дээр байсан бүх салфеткаар хамрыг нь дараад 7-р багийн засаг дарга Эрдэнэдорж эр зориг гарган тэр хоёрыг салгасан гэнэ. Даланзадгад сумын ИТХ-ынхэн нас барсан Засаг даргынхаа хойноос ингэж л гашуудацгаажээ. Маргааш нь хурлын дарга Улам-Өрнөх нь Ганхүү Энхсолонгоо дагуулан зодуулсан төлөөлөгчөө эргэж нөгөө нь цагдаад хандсан гэнэ. Хоёр төлөөлөгчийн зодсон зодуулсан гэх хэрэг мөрдөн байцаалт дуусгаад А.Олтончулуунд бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйл ангиар шүүхэд шилжихээс өмнө эвлэрчээ. Хохирогч нөхөн төлбөр авч. Тэрээр болсон явдлыг улстөрөөс үүдэлтэй өш хонзонгийн сэдэлттэй хэрэг хэмээн үзсээр байгаа гэнэ. Өмнөговийн том бага улстөрчидөд нударгаар асуудлаа шийдэх нь байдаг л зүйл гэдэг. Олон жилийн өмнө “Ажнай” Д.Бат-Эрдэнэ сонгуульд ялагдсан уураа Ц.Баярсайхандаа гаргасан тухай шуугиан дэгдэж байсан. Б.Бадраа нь сумын засаг дарга байхдаа хүнд гар хүрсэн тухай гомдол сонсогдож байсан.
NUUTS.mn
