Абдулкаримын сургаар “Медиа холдинг” нь хэвлэх үйлдвэрийн хувьчлалд төлсөн 332.7 сая төгрөгөө нэхжээ
Нийтэлсэн: 2015-12-07 06:25:23
Хотын удирдлага сартуул овогт Забоонтарижийн Абдулкаримаас болж баярлан гомдоод байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр, хотын дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Ц.Билэгт нарын хэрэгт холбогдсон хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилгыг газрын хамт дуудлага худалдаагаар оруулж 24 тэрбумээр зарсан. Газрыг барилгын хамт авсан Абдулкарим нь хэдхэн хоногийн дараа олон нийтийн шахалтаар шалтаглан хэлцлээсээ буцлаа. Ийнхүү 24 тэрбум төгрөг үүлний цаанаас цухуйгаад л алга болжээ. Тэгвэл хэвлэх үйлдвэрийн хувьчлалаар нэгэн компани “амь орсон “ нь ТВ-9 компаний байранд байрладаг “Медиа Холдинг” гэгч аж. Энэ компани нь 2008 онд хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлан авсан “Улаанбаатар таймс” менежментийн багт “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын үнэ болох 332.7 сая төгрөгийг зээлүүлсэн байжээ. Бүр тодруулбал менежментийн багийн нэрийн өмнөөс 2008 оны 9-р НӨХГ-д төлсөн гэнэ. Гэтэл дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хэрэг мандсан. НӨХГ нь 2011 оны 5-р сард “Улаанбаатар таймс” НӨҮГ-ыг хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгосон тул “Медиа холдинг” нь менежмэнтийн багт зээлүүлсэн мөнгөө буцаан авч чадалгүй өдийг хүрчээ. Энэ компаний тухай ярихад хотын дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нарын хэрэг сөхөгддөг. Чухам энэ хэрэгт л ЕТГ-ын дарга асан нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн байгуулсан "Медиа холдинг"-д "Улаанбаатар таймс" НӨҮГ-ыг хууль бусаар Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчилж, улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан "Эскон" -ий охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдсан. Хэргийн материалд “Медиа холдинг”-ийн ТУЗ-ийн даргаар Б.Тулгын ах Хуяг ажиллаж байсныг онцолсон байдаг. “Улаанбаатар таймс” менежмэнтийн баг нь хувьчлах шийдвэр гаргасанаас хойш 17 хоногийн дараа ТУЗ-ийн дарга Хуягтай “Зээлийн гэрээ” хийсэн байжээ. Гэхдээ бас нэг хөрөнгө оруулагч нь Л. Сэргэлэн байсан. Тэрээр алдарт Т.Бадамжунайгийн санал болгосны дагуу Ж.Саруулбуян ахлагчтай багт 493 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч багийн гишүүн болж чадаагүй. Тухайн үед Т.Бадамжунай нь “Улаанбаатар таймс” сонин менежментийн багийн гишүүд болох О.Алтан нь Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн, Зам тээвэр, барилга, хот байгууллалтын яамны дэд сайд А.Гансүх нь Ерөнхий сайд Сү.Батболдын, Н.Ариунтуяа нь шадар сайд М.Энхболдын, Б.Ундармаа нь ХХААХҮЯ-ны сайд Бадамжунайгийн, Б.Согоосүрэн нь УИХ-ийн гишүүн Ц.Дашдоржийн төлөөлөл гэж танилцуулж байжээ. Мөн Т.Бадамжунайгийн хүсэлтээр намд нь 20 сая төгрөг тухайн үед өгсөн гэнэ. Хувьчлал нь тун “сонирхолтой” болжээ. “Уланкагийн” хэрэгт гэрчээр асуугдсан Ц.Бямбажав нь “...Ж.Саруулбуян захирал намайг тухайн үед менежментийн хувьчлалд эсрэг баг болж өрсөлдөгч багаар материал бүрдүүлээд ороод өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан, ингээд би тухайн үед өөрийнхөө нэрээр менежментийн хувьчлалд материал бүрдүүлж оролцсон…миний бүрдүүлсэн материалын дэнчингийн мөнгийг УИХ-ын гишүүн Дашдоржийн эхнэр Согоосүрэн төлж байсан. Дэнчингийн мөнгө нь 36-37 сая орчим төгрөг болж байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Менежмэнтийн багийнхан ч өөрсдийнхөө оруулсан “оюуны хөрөнгө оруулалтыг” сая саяар үнэлэн хоорондоо зарж байжээ. Ж.Саруулбаян нь багаас гарахдаа оюуны хөрөнгө оруулалтаа 50 саяар үнэлүүлээд мөнгөө аваад явжээ. Бусад нь 20 сая төгрөг аваад гарч байжээ. Л.Сэргэлэн нь хөрөнгө оруулалт хийхдээ компаний 40 хувийг авахаар тохирсон байсан гэдэг. Тэгвэл “Медиа холдинг” мөнгө зээлүүлэхдээ "Улаанбаатар таймс" компаний 49 хувийг эзэмшихээр болсон байжээ. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг цуцласнаас хойш “Медиа холдинг” нь 332.7 саяа нэхсээр, хотын удирдлага хувьчилсаны дараа өгнө гэсээр явж иржээ. Харин өдгөө улам ч шаргуу нэхэж бүр шүүхэд өгөөд байна.
НУУЦ.мн
