Бас нэгэн байгаль хамгаалагчийг НБОНХГ-ын удирдлага хэлмэгдүүлсэн түүх…
Нийтэлсэн: 2015-12-01 06:46:12
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар 608 ширхэг нойтон модны хэргээр нэгэн байгаль хамгаалагчаа цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Газрын дарга Г.Болормаагийн гарын үсэгтэй албан бичгээр Толгойтын зүүн салаа хариуцсан байгаль хамгаалагч Д.А-г хариуцсан газраас нь илэрсэн гэх 608 ширхэг нойтон модны хэрэгт шалгуулахаар СХД-ийн цагдаагийн хэлтэсд ханджээ. Ингээд байгаль хамгаалгч модны хулгайч гэж цоллогдох болжээ. 2013 оны намраас бүтэн жил илүү шалгагдаж хуулийн байгууллагийн үүд сахьжээ. Байгаль хамгаалагч нь өөрөө байгалиасаа хулгай хийсэн тухай яриа шуугиан тарж нэр хүнд нь унаж сэтгэл санаагаар ч их хохирчээ. Сэтгэлзүйн дарамтаас болж шалгагдаж байхдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Цагдаагийн байгууллага хэргийг бүтэн жил илүү шалгаад прокурорд шилжүүлсэн. Харин прокурор энэ оны хавар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаль хамгаалагч энэ айхтар хэргээс салжээ. Хэдийгээр гэм буруугүй нь тогтоогдсон ч ажилдаа эргэн орж чадсангүй. Аль хэдийн өөр хүн авчихсан агаад 608 ширхэг нойтон мод нь ердөө ажлыг нь авах шалтаг байсан бололтой. Тухайн үед байгаль хамгаалагч Д.А нь 2013 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орох гэтэл Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Соронзонболд дуудаж "та ажлаа хийлгүй түр хүлээж бай, таньтай холбоотой асуудал байна, маргааш ир" гэсээр нэлээд явуулж. Эцэст нь "та өөрөө өвчин зовлонтой боллоо гээд ажлаас халагдах өргөдөлөө өгчих, таныг амралттай байх хугацаанд шалгалт хийхэд асар их хэмжээний зөрчил илрүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн зөрчил илэрсэн. Та энэ хийсэн хэргээрээ олон жилийн ял авах байх шүү. Хэрвээ та өөрөө өргөдөлөө өгөөд ажлаасаа гарвал таныг шалгаж зовоохгүй, үнэнийг хэлэхэд таны оронд өөр хүн авах гэсэн юм...." гэж хэлсэн хэмээн экс байгаль хамгаалагч гомдол гаргажээ. Энэ үгэнд гоморхсон тэрээр “...бусдад хийсэн гэм байхгүй ээ шалгавал шалга, харин би ажлаасаа гарахгүй...” гэхэд том дарга “тэгвэл маргааш цагдаа дээр очоорой...” гээд өрөөнөөсөө хөөж гаргажээ. Ердөө хэлхэн хоногийн даргаа БОНХ-ын дарга цагдаад өргөдөл гарган байгаль хамгаалагчаа 608 ширхэг нойтон модны хэргээр шалгуулжээ. Ажлаас нь халж өөр хүн авсан гэнэ. Хамгийн хачирхалтай нь Толгойтын зүүн салаанаас илэрсэн гэх 608 ширхэг модны эзэн холбогдогч нь олдохгүй явсаар хэрэг хаагдсан. Монголын дарга сэтэртэнгүүд хувь хүнийг хэзээд өчүүхэн дорд мэтээр үзэж ирсэн. Өнөөдөр халаад хөөгөөд явуулж болох ч тэр нь цаанаа нэр төртэй, амь амьдралтай үр хүүхэдтэй хүн гэдгийг хэзээ ч ойлгохгүй нь бололтой. Харин 608 ширхэг нойтон модны хэрэгт нийслэлийн БОНХГ-ын үүрэг нь ердөө үүгээр далимдуулан нэг ажилтнаа халах явдал байсан уу гэдгийг дарга хатагтайгаас асууя…
НУУЦ.мн
