Нийслэлийн өмч болох ЦТП-ийн барилгыг “Гачуурт” Л.Чинбатад 55 саяар зарсан гэх Д.Дорждагва гэж хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-12-01 02:58:13
Хуулийн дагуу бизнес хийдэг гэх “Гачуурт” компаний Л.Чинбат нь хууль бүс ажиллагаа явуулсан нь тогтоогджээ. Үүнийхээ үйл лайгаар 13 давхар байшингаа нураалгах эсвэл төрд өгөх хоёрын нэгийг сонгохдоо тулж. Тэрээр 2002 онд нийтийн дуудлага худалдаанд оролцож 222.3 м2 талбай бүхий хуучин барилгыг худалдаж авчээ. Дараа нь 2005 онд нэмж 794 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар авсан байж. Ингээд барилга бариад эхэлсэн агаад уг газарт нь нийслэлийн өмч болох ус дамжуулах төв буюу ЦТП-ын барилга байж таарчээ. Гэтэл уг ус дамжуулах төвийг 2007 онд “Опен хаус” компаний захирал асан Д.Дорждагва нь Л.Чинбатад 55.0 сая төгрөгөөр худалдаж мөнгийг нь завшсан хэмээн “Эрдэм” СӨХ-ны удирдлага мэдэгдсэн. Дээрхи асуудлаар тус СӨХ нь шүүхэд гомдол гаргаж улмаар Л.Чинбатын эзэмшлээс нийслэлийн өмч болох барилга байгууламжийн суурийг хэмжээг хасан нарийвчлан тогтоох талаар 30 хоногийн дотор шинэ акт гаргахыг хотын удирдлагад даалгасан гэнэ. Мөн барилгын ажлыг нь түдгэлзүүлжээ. Гэтэл тухайн үеийн хотын дарга нар 2010 оны 426-р захирамжаараа “Гачуурт”-ын захиралд холбогдох хэсгийн хүчингүй болгосон атлаа хавсралт болон газрын байршлын кадастрын зургаараа хассан газраа буцаагаад өгчихсөн байж. “Эрдэм” СӨХ нь энэ заль мэхийг буюу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 426-р захирамжийн 3 дахь заалтыг түүний хавсралт, 18643311307747 дугаартай газрын байршлын зураг нь зөрчиж, иргэн Л.Чинбатад олгосон болохыг дараа оны хавар л олж мэдсэн гэнэ. “...Маргаан бүхий газар буюу Л.Чинбатын болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны эзэмшлийн нийт талбай бүхий газарт үргэлжид нь барилгын ажил эхэлж, барилгын суурийн давхрыг барьсан байна. Мөн Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас ирүүлсэн 2010 оны 10-р сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл, Барилга барих, суурийн давхраас нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнд зааснаар маргаан бүхий газар баригдаж буй барилгын суурийн давхарт 67 м2 талбай бүхий ус, дулаан дамжуулах төвийн өрөөг байрлуулж, харин барилгын гадна талд 67 м2 газрыг нийтийн эзэмшилд ашиглаж, барилга барихгүй байхаар тохиролцсон байгаагаас үзэхэд маргаан бүхий газар дээр барилга барих үйл ажиллагаа явагдаж байна гэж үзэхээр байна” гэжээ. Иймд “...хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх” гэсэн шүүгчийн захирамж гарсаар байхад НМХГ-ын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ “Гачуурт” компанид барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл өгчихжээ. Мөнгөтэй хүний барилга гялалзтал баригдан 13 давхар хүржээ. Өдгөө шүүгчийн захирамжийг уландаа гшигэсэн байцаагч миний өгсөн зөвшөөрлийг дээд шатны байцаагчаар цуцлуулах боломжтой гээд хэнэг ч үгүй сууж байна..ЦТП-гээ алдсан оршин суугчид хөөцөлдөж байж НИТХ-аар 120.0 сая төгрөгийн хөрөнгө батлуулж тендерт ялсан компани нь барилгын ажилдаа оржээ. Гэтэл “Гацуурт”-ынхан ажлыг нь хүчээр зогсоож, тавьсан суурийг нь эвдэж, нэмэлт нүх ухаж, дулааны шугамыг нь ил гаргаж хаяснаар өнгөрсөн өвөл оршин суугчид дахиад л ус дулаанаар гачигдаж, байрны доорх боллероос уур ус алдаж тун бэрх өвөлжсөн гэнэ. Харин энэ удаад оршин суугчид баян компаний мөнгөтэй захиралтай маш хатуу шүүхдсэн агаад шүүхээс Л.Чинбатын барилгыг нэг давхар хүртэл нураах эсхүл төрийн өмчид авах хоёр шийдвэрийн аль нэгийг гаргахыг хотын даргад даалгажээ.
NUUTS.mn
